Киану Ривз Lionsgate студитэй албан ёсоор тохиролцож, Жон Уикийн дүрд эргэн ирэхээр болжээ. Тэр домогт хөлсний алуурчны өнгөрсөн үеийг өгүүлэх бүрэн хэмжээний анимэйшн кинонд дүрдээ дуу оруулна. Энэ талаар Variety мэдээлжээ.
Приквел киноны үйл явдал Жон Уикийн алдарт “биелшгүй даалгавар”-т төвлөрнө. Уик Клануудын зөвлөлийн өмнө хүлээсэн үүргээсээ чөлөөлөгдөж, хайртай бүсгүй Хелентэй хамт байх боломжтой болохын тулд энэхүү даалгаврыг биелүүлэх ёстой.
Нөхцөлийн дагуу тэр ганцхан шөнийн дотор бүх өрсөлдөгчөө устгах шаардлагатай болно.
Киноны найруулагчаар Netflix-ийн “Ultraman: Rising” анимэйшн дээр ажиллаж, мөн “Kubo and the Two Strings” бүтээлийг хийхэд оролцсон Шэннон Тиндл ажиллана. Кино зохиолыг Райан Фирпо болон Каз Фирпо нар бичих бөгөөд продюсеруудын дунд Киану Ривзээс гадна өмнөх кинонууд дээр ажилласан Бэзил Иваник, Эрика Ли, Чад Стахелски нар багтжээ.
Lionsgate “Жон Уик”-ийн ертөнцийг үргэлжлүүлэн тэлж байна
Lionsgate-ийн кино хариуцсан салбарын тэргүүн Адам Фогельсон “биелшгүй даалгавар”-ын түүх нь цувралын шүтэн бишрэгчдийн хамгийн их үзэхийг хүсдэг үйл явдлуудын нэг гэж мэдэгджээ. Студийн зүгээс анимэйшн хэлбэр нь “Жон Уик”-ийн ертөнцийг цаашид өргөжүүлэх шинэ боломж нээнэ гэж онцолсон байна.
Үндсэн дөрвөн кино болон “Ballerina” спин-оффоос бүрдэх франчайз дэлхийн кино театруудаас нийт 1 тэрбум ам.доллараас илүү орлого олжээ.
Lionsgate цувралыг цаашид үргэлжлүүлэн хөгжүүлж байгаа бөгөөд одоогоор тав дахь анги болон хараагүй алуурчин Кейн-ий тухай тусдаа кино бүтээхээр ажиллаж байна. Кейний дүрд Хонконгийн тулаант киноны од Донни Йен дахин тоглох юм.
