Найруулагч Б.Баатарыг 30 хоногийн хугацаагаар цагдан хорьсонтой холбоотойгоор мисс, жүжигчин А.Баярцэцэг цахим хуудсаараа байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр Б.Баатартай дөрвөн жил хамтран ажилласан хүний хувьд түүний уран бүтээл, “Монгол хаан” төслийн ард байгаа багийн хөдөлмөрийг тусад нь авч үзэх ёстой гэж онцолсон байна.
А.Баярцэцэг нийтлэлээ “Заримдаа хүний тухай хамгийн чанга шуугиж байгаа зүйл нь үнэн байдаггүй” хэмээн эхлүүлж, хэдхэн өдрийн мэдээлэл, сошиал орчны шуугиан хүний бүтэн замналын хэмжүүр болж болохгүй гэсэн байр суурь илэрхийлжээ.
“Монгол хаан” нэг хүний бус, бүтэн багийн төсөл болсон
Тэрбээр “Монгол хаан” жүжгийг Б.Баатарын хувийн уран бүтээлээс хэдийн хальж, олон зуун уран бүтээлч, продюсер, техникийн ажилтан, олон улсын түншүүд оролцсон том хэмжээний төсөл болсон гэж бичсэн байна.
А.Баярцэцэгийн өгүүлснээр жүжиг Лондон, Сингапур, Япон, Оросын тайзнаа тоглогдож, нийт 200 мянга гаруй үзэгчид хүрчээ. Мөн ирэх гуравдугаар сард Туркт, ирэх зун Broadway-д тоглох хуваарьтай гэж тэрбээр нийтлэлдээ дурдсан байна.
Түүний хувьд Б.Баатарыг цагдан хорьсон нь зөвхөн нэг хүний ажлыг зогсоох бус, олон улсын гэрээ, тоглолтын бэлтгэл, бүтэн багийн төлөвлөгөөнд нөлөөлж болзошгүй асуудал гэж үзэж байгаа аж.
Шүүхийн шийдвэр гаргах хүртэл гэм буруутайд тооцож болохгүй гэжээ
А.Баярцэцэг Б.Баатарт холбогдох хэргийн талаар өөрийгөө хуульч, шүүгч биш гэдгээ тодотгож, гэм буруутай эсэхэд эцсийн дүгнэлт хийхгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Гэсэн ч өмнө нь хилээр гарах эрхийг нь хязгаарласан байхад заавал цагдан хорих шаардлага байсан эсэх, өмнөх шүүхийн шийдвэрээс хойш богино хугацаанд нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн талаар асуулт тавьжээ.
Тэрбээр мөн олон нийтийн орчинд Б.Баатарыг аль хэдийн гэм буруутай мэтээр ойлгуулах хандлага ажиглагдаж байна гэж үзэж байгаагаа бичсэн байна.
“Үнэн баримтаар тогтоогдох ёстой”
А.Баярцэцэгийн нийтлэлийн гол санаа нь Б.Баатарт холбогдох эрүүгийн хэрэг болон түүний уран бүтээлийн замналыг хооронд нь хутгахгүй байх тухай байв.
Тэрбээр Б.Баатарыг Монголын түүх, соёл, уран бүтээлчдийг олон улсын тайзанд гаргахын төлөө олон жил ажилласан хүн гэж өөрийн туршлагаас үнэлж буйгаа илэрхийлээд:
“Хүний гэм бурууг шүүх тогтоохоос өмнө олон нийт тогтоочихож болохгүй” хэмээн бичжээ.
Мөн “Үнэн нь баримтаар л тогтоогдож, шүүх нь шударгаар шүүж, харин тэр хүртэл бид хүнийг хүн хэвээр нь үлдээе” гэж нийтлэлээ төгсгөсөн байна.
