Ирэх 10 дугаар сарын 10-ныг хүртэл манай улсын ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байх боловч баруун болон хойд нутгийн зарим газраар нойтон цас орж, 8, 9-ний өдрүүдэд сэрүүсэхийг малчид, хадланчид болон тээвэрчдэд анхааруулж байна.
Цаг агаарын урьдчилсан төлөв ба агаарын температура
10 дугаар сарын 5-наас 9-ний өдрүүдэд Баян-Өлгий, Хөвсгөл, Увс, Завхан, Архангай, Хэнтий, Булган, Сэлэнгийн зарим нутгаар 0.0-5.0 мм бороо, нойтон цас орох төлөвтэй байна. Салхи 7-ны өдөр Алтайн салбар уулсаар, 8-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэх аж.
Агаарын температурын хувьд шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -4…-9 градус, уулархаг нутаг болон голуудын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн байна. Харин өдөртөө Дархадын хотгор болон уулархаг нутгаар +9…+14 градус, говийн бүсийн баруун өмнөд хэсгээр +20…+25 градус, бусад нутгаар +15…+20 градус дулаан байх ба 8-нд нутгийн баруун хойд хэсгээр, 9-нд ихэнх нутгаар агаарын температур сэрүүснэ.
Хөрс хөлдөх хугацааны таамаглал
Хөрсний 20 см гүнд хөлдөж эхлэх хугацааг температурын мэдээлэлд үндэслэн тооцоолоход бүс нутгуудад дараах хугацаанд хөлдөх төлөвтэй байна:
- 10 дугаар сарын сүүлээр: Баян-Өлгий, Хөвсгөл, Архангайн нийт, Ховд, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Төв аймгийн зарим нутгаар.
- 11 дүгээр сарын эхээр: Увс, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Улаанбаатар, Говьсүмбэр болон Говь-Алтай, Хэнтий, Дорнод аймгийн зарим нутгаар.
- 11 дүгээр сарын дунд арав хоногоос хойш: Өмнөговь, Дундговь, Дорноговь, Сүхбаатар аймгийн нийт нутгаар.
