УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бусаар хуралдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдыг чөлөөлөх болон шинээр томилох асуудлыг хэлэлцэх чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохоор шийдвэрлэсэн байна. Энэ талаар АН-ын дарга О.Цогтгэрэл бүлгийн хурлын дараа сэтгүүлчдэд мэдээлжээ.
УИХ-ын нэгдсэн хуралдааныг өнөөдөр 14:00 цагаас товлосон бөгөөд ХЗДХ-ийн сайдаар Г.Тэмүүлэнг томилох асуудлыг хэлэлцэхээр болсон гэж эхэд дурдсан байна.
“Зөвхөн энэ асуудлыг хэлэлцэх хуралдаанд оролцоно”
О.Цогтгэрэлийн хэлснээр АН-ын бүлэг өмнө нь Ерөнхий сайдад хоёр шаардлага хүргүүлжээ. Үүний нэг нь ХЗДХ-ийн сайдыг чөлөөлөх, нөгөө нь Ерөнхий сайд УИХ-д өөртөө итгэл хүлээлгэх асуудлыг оруулж ирэх тухай байсан байна.
Тэрбээр одоогийн ХЗДХ-ийн сайдыг хүний эрх зөрчсөн байж болзошгүй, ял тохиролцсон байж магадгүй гэх асуудлаар шүүмжилсэн бөгөөд энэ нь АН-ын тавьсан улс төрийн байр суурь юм. Мөн Ерөнхий сайдын бодлогын алдаатай холбоотойгоор итгэл хүлээлгэх асуудлыг УИХ-д оруулах ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
АН-ын бүлэг ХЗДХ-ийн сайдыг чөлөөлж, дараагийн сайдыг томилох асуудлыг хэлэлцэхээр болсон нь өөрсдийн тавьсан шаардлагын нэг хэсэг хэрэгжиж байна гэж үзсэн байна. Иймээс ирц бүрдүүлж, тухайн хэлэлцүүлэгт оролцох шийдвэр гаргажээ.
О.Цогтгэрэл “Бид зөвхөн шаардлагыг маань биелүүлсэн ХЗДХ-ийн сайдыг огцруулах, томилох асуудлыг шийдэх чуулганд л оролцоно гэдгээ та бүхэнд хэлье” гэж мэдэгдсэн байна.
