Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүс, айлын бууц болон зуслангийн орчимд олноор орж ирэх тохиолдол эрс нэмэгдсэнтэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир мэдээлэл өглөө. Өмнөх жилүүдэд ганц нэгээрээ үзэгддэг байсан баавгайнууд энэ жил суурьшлын бүс рүү олноор орж ирж байгаа нь иргэдийн аюулгүй байдалд бодит эрсдэл учруулж буйг тэрээр онцолсон юм.
Сайдын мэдээллээс онцлох асуудлууд:
- Хууль эрх зүйн орчин ба иргэдийн хандлага: Баавгай нь ховор амьтны тоонд ордог тул дур зоргоороо агнавал эрүүгийн хариуцлага хүлээдэг. Иргэд хууль зөрчихөөс эмээн буудахын зайд арга ядахдаа бугуйлдах зэрэг аюултай арга хэрэглэж байна.
- Техник ба тоног төхөөрөмжийн дутагдал: Олон улсад зориулалтын цацлага, хөдөлгөөн сааруулагч хэрэглэдэг бол манай байгаль хамгаалагчдад баавгайг аюулгүй болгох унтуулах тариа, зориулалтын буу зэвсэг байхгүй байна.
- Амь нас хамгаалах эрх: Ан амьтан шууд дайрсан аюултай нөхцөлд иргэн өөрийн амь насаа хамгаалах эрхтэй. Гэсэн хэдий ч энэ нэрээр амьтдыг хоморголон устгаж болохгүйг анхааруулав.
- Популяцийн судалгаа: Сүүлийн 10 гаруй жил баавгайн нэгдсэн тооллого хийгээгүй тул тоо толгой нь хэт олширсон гэж шууд дүгнэх боломжгүйг тодотгосон юм.
Иймд ой тайгын захаар нутаглаж буй малчид, тариаланчид болон зуслангийн бүсийн оршин суугчдыг сонор сэрэмжээ дээшлүүлж, аюулгүй байдлаа сайтар хангахыг БОУАӨ-ийн яамнаас анхааруулж байна.
