НүүрОлон улсын мэдээДэлхийн хамгийн том алан хядах ажиллагаанаас хойш 25 жил өнгөрлөө

Дэлхийн хамгийн том алан хядах ажиллагаанаас хойш 25 жил өнгөрлөө

2001 оны 9 дүгээр сарын 11-ний өглөө амиа золиослогч алан хядагчдын бүлэг АНУ-ын нутаг дэвсгэрт цуврал халдлага үйлдсэн билээ. Зэвсэглэсэн этгээдүүд иргэний агаарын тээврийн дөрвөн онгоцыг барьцаалж, хоёрыг нь Нью-Йорк дахь Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхаг руу, нэгийг нь Вашингтон дахь Пентагоны барилга руу мөргүүлсэн бол дөрөв дэх онгоц Пенсильвани мужид унасан юм. Дэлхийн түүхэн дэх хамгийн том аймшигт халдлагаас хойш өдгөө 25 жил өнгөрөөд байна. Уг халдлагын улмаас нийт 3,000 гаруй хүн амь нас захаджээ.

Халдлагын өрнөл ба хохирол

2001 оны 9 дүгээр сарын 11-ний 08:46 цагт “Аль-Каида” алан хядах байгууллагын 19 гишүүн дөрвөн хэсэгт хуваагдан, иргэний агаарын тээврийн дөрвөн суудлын онгоцыг барьцаалжээ. Алан хядагчид хоёр онгоцыг Манхэттэн дэх Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхаг руу чиглүүлсэн ба “American Airlines”-ийн 11 дүгээр рейс хойд цамхгийг, “United Airlines”-ийн 175 дугаар рейс өмнөд цамхгийг мөргөсөн юм.

Үүний улмаас хоёр цамхагт гал гарч, дээд давхарт байсан хүмүүсийн аврагдах зам хаагджээ. Хоёр цаг хүрэхгүй хугацаанд 110 давхар хоёр ихэр барилга бүрэн сүйрч, ойр орчмын байгууламжуудыг сүйтгэсэн байна. Хэрэг явдлын газарт хамгийн анх очсон гал түймэртэй тэмцэх албаны 341 ажилтан амь үрэгджээ.

Халдлагын улмаас амь эрсдэгсдийн дийлэнх нь насанд хүрэгчид байсан бөгөөд онгоцонд зорчиж явсан 8 хүүхэд амь үрэгдсэний хамгийн бага нь аав, ээжтэйгээ зорчиж явсан хоёр настай Кристин Ли Хэнсон охин байв. Мөн 3,000 гаруй хүүхэд эцэг эхийнхээ аль нэгийг алдаж өнчирч үлджээ.

Ихэр цамхгаас гадна Дэлхийн худалдааны төвийн комплекс дахь “Marriott” зочид буудал, Гэгээн Николасын үнэн алдартны сүм, мөн тус төвийн 4, 5, 6, 7 дугаартай барилгууд сүйрчээ. Гурав дахь онгоц (“American Airlines”-ийн 77 дугаар рейс) Вашингтон дахь Пентагоны барилгыг мөргөсөн бол дөрөв дэх онгоц (“United Airlines”-ийн 93 дугаар рейс) Пенсильвани мужийн талбайд унасан юм. Нэгдсэн дүнгээр 2,500 гаруй хүн Дэлхийн худалдааны төвд, 200 гаруй хүн онгоцонд амь үрэгдэж, 6,000 гаруй хүн бэртэж гэмтжээ.

Улс төрийн үр дагавар ба дурсгалын өдөр

2001 оны 9 дүгээр сарын 11-ний үйл явдал америкчуудын хувьд асар том эмгэнэлт явдал болсон бөгөөд тухайн үеийн Жорж Бушийн захиргаа Афганистан болон Ирак руу цэргийн ажиллагаа явуулах гол шалтгаан болсон юм. Уг халдлагын хариуцлагыг Усама бен Ладенаар ахлуулсан “Аль-Каида” алан хядах байгууллага хүлээсэн бөгөөд энэхүү үйл явдлын талаарх хэлэлцүүлэг өнөөг хүртэл үргэлжилсээр байна.

АНУ-ын Конгрессын шийдвэрээр 2002 оноос эхлэн 9 дүгээр сарын 11-нийг “Эх орончдын өдөр” болгон тэмдэглэж ирсэн бөгөөд 2009 оноос хойш амь үрэгдэгсдийн гэр бүлийнхний санаачилгаар “Үндэсний дурсгал ба үйлчлэлийн өдөр” хэмээн нэрлэх болжээ.

Дэлхийн хамгийн том алан хядах ажиллагаанаас хойш 25 жил өнгөрлөө
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд