Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд Баруун салааны гол, Бумбат булгийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах ажил хэрэгжиж дууслаа. Ингэснээр тухайн бүсийн гадаргын усны нөөцийг нэмэгдүүлэх, үерийн эрсдэлийг бууруулах, орчны тохижилтыг сайжруулах нөхцөл бүрдэж байна.
Төслийг “333 нуур” буюу Нэг сум–Нэг нуур хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн юм. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, “Голомт Банк”, “Престиж Инженеринг” ХХК хамтран ажиллах гэрээнд 2026.02.05-ны өдөр гарын үсэг зурж, хамтын ажиллагааг эхлүүлжээ.
Улмаар Бумбатын рашаанд 2026.04.09-ний өдөр шав тавих ёслол болсон байна. Төслийн захиалагчаар Сонгинохайрхан дүүрэг, зохицуулагчаар ЗГХА “Усны Газар”, санхүүжилтийг “Голомт банк”, гүйцэтгэгчээр “Престиж Инженеринг” ХХК ажилласан юм.
Төслийн хүрээнд хийгдсэн ажлууд:
- Богдын даваанаас урсаж ирдэг горхи, Бумбатын усыг хуримтлуулах 16.9 мянган м3 эзлэхүүнтэй хөв цөөрөм байгуулсан;
- 800 гаруй метр явган хүний болон дугуйн зам тавьсан;
- 6 байршилд камержуулалт хийсэн;
- нарны зайгаар ажилладаг 67 гэрэлтүүлэг суурилуулсан;
- сандал байршуулж, хашааны гадна болон дотор тохижилтын ажлыг гүйцэтгэсэн.
Эдгээр ажлыг “Престиж Инженеринг” ХХК болон дүүргийн “Дэд бүтцийн хөгжлийн алба” ОНӨААТҮГ хамтран хийжээ. Хөв цөөрөм байгуулснаар ус хуримтлуулах, үерийн усыг зохицуулах, орчны агаарын чийгшлийг нэмэгдүүлэх зэрэг олон талын үр нөлөө үзүүлэхээр байна.
Тооцооллоор уг байгууламж нь агаарын чийгшлийг 5-15 хувь нэмэгдүүлж, тоосжилтыг 20-50 хувь бууруулах боломжтой гэж үзжээ. Мөн тус бүсийн 3191 өрхийн 9810 иргэнийг үерийн усны эрсдэлээс хамгаалах нөхцөл бүрдэх юм.
Ийнхүү Бумбатын рашаан орчимд хэрэгжсэн хөв цөөрмийн төсөл нь зөвхөн ус хуримтлуулах байгууламж бус, иргэдийн амьдрах орчны аюулгүй байдал, амралт, зугаалгын орон зай, ногоон хөгжлийн шийдлийг нэгтгэсэн ажил болж байна.
