Эдийн засагч М.Чимэддорж Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтвортой болгоход Сингапур улс оновчтой түнш байж болох талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр энэ тухай өөрийн X хуудсаар дамжуулан бичсэн байна.
М.Чимэддоржийн тайлбарласнаар, Сингапур нь Ази, Номхон далайн бүсийн зах зээлд өдөрт 1.5 сая баррель сайн чанарын боловсруулсан газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлдэг томоохон тоглогч юм. Мөн тус улсын газрын тос боловсруулах байгууламжууд дэлхийн томоохон компаниудад зориулсан үр ашигтай, найдвартай, бага зардлын платформ болж ажилладаг гэжээ.
Түүний үзэж буйгаар, Сингапурын давуу тал зөвхөн үйлдвэрлэлээр хязгаарлагдахгүй. Тус улс дэлхийн худалдааны хамгийн том зангилаануудын нэг бөгөөд банкны систем нь худалдааны санхүүжилт, бараа эргэлт, тээвэр, ложистикийг бага зардлаар, өндөр үр ашигтай зохион байгуулах боломжтой аж.
Сингапурын давуу талуудыг тэрбээр дараах байдлаар онцолжээ:
- өдөрт 1.5 сая баррель боловсруулсан газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлдэг;
- газрын тос боловсруулах, худалдаа, санхүүжилт, тээвэр, ложистикийн нэгдсэн экосистемтэй;
- Ази, Номхон далайн бүсийн газрын тосны зах зээлд нөлөөтэй тоглогч;
- худалдааны санхүүжилт, ложистикийн зардал багатай тогтолцоотой.
М.Чимэддорж мөн Сингапур, БНХАУ 2007 оноос Тяньжин хотод хамтран “Sino-Singapore Tianjin” ухаалаг эко хот, боомтын төслийг хэрэгжүүлж байгааг дурдсан байна. Энэ нь Монгол Улсад хамгийн ойр далайн боомтууд дахь Сингапурын оролцоо, хамтын ажиллагаа өндөр түвшинд хүрснийг харуулж байна гэж тэр үзжээ.
Тэрбээр Монгол Улс Японтой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаасаа өмнө Сингапуртай ижил төрлийн хэлэлцээр байгуулах нь илүү оновчтой байсан гэсэн байр суурь илэрхийлсэн байна. Мөн ОХУ-аас бусад олон улс Сингапурын газрын тосны үйлдвэрлэл, худалдаа, санхүүжилт, тээвэр, ложистикийн экосистемийг ашиглаж байгааг онцолжээ.
Энэ хүрээнд М.Чимэддорж “Засгийн газар томилолт өгчихвөл би газрын тос олоод ирье. Жилийн нэг төгрөгийн бэлгэдлийн цалингаар ажиллаад өгье” хэмээн бичсэн байна. Түүний энэхүү байр суурь нь шатахууны нийлүүлэлт, импортын эх үүсвэрийг төрөлжүүлэх асуудал дахин анхаарал татаж буй үед гарч байгаа юм.
