Орлого, орон сууцнаас гадна хүйсийн хүлээлтийн зөрүү нөлөөлж байна
Дэлхий даяар төрөлт буурч байгаа нь зөвхөн орлого, орон сууцны өртөгтэй холбоотой биш гэж эдийн засгийн Нобелийн шагналт Клаудиа Голдин үзэж байна. Түүний судалгаанд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гэр бүл, хүүхэд асрах үүргийн талаарх хүлээлтийн зөрүү улам нэмэгдэж буйг гол шалтгаануудын нэгээр нэрлэжээ.
Голдины тайлбарласнаар, эдийн засгийн хөгжил эмэгтэйчүүдэд боловсрол эзэмших, карьер хийх, бие даан амьдрах илүү өргөн боломж олгож байна. Гэвч олон эрэгтэй хүний гэр бүлийн үүргийн талаарх ойлголт үүнтэй харьцуулахад удаан өөрчлөгдөж байгаа аж.
Үүний улмаас эмэгтэйчүүд хүүхэд төрсний дараа асаргаа, гэрийн ажил бараг бүхэлдээ өөрсдийнх нь нуруун дээр ирнэ гэж болгоомжилдог. Ийм ачааллыг мэргэжлийн өсөлт, ажил карьертай хослуулах нь маш хэцүү байдаг.
Эцгүүдийн оролцоо төрөлтөд нөлөөлж болзошгүй
Ийм тодорхойгүй байдал нь хосуудыг хүүхэдтэй болохоо хойшлуулах, эсвэл эцэг эх болохоос бүр татгалзахад хүргэдэг гэж судалгаанд дурджээ. Энэ зөрчил ялангуяа цалин хөлсгүй гэрийн ажлын ачаалал эмэгтэйчүүдэд илүү их ногддог улс орнуудад тод харагддаг байна.
Голдины үзэж буйгаар нөхцөл байдлыг өөрчлөх нэг гол арга нь хүүхэд өсгөхөд эцгүүдийн оролцоог нэмэгдүүлэх явдал юм. Энэ нь зөвхөн санхүүгийн дэмжлэгээр хязгаарлагдахгүй. Өдөр тутмын хүүхэд асаргаа, цэвэрлэгээ, хоол хийх болон бусад ахуйн ажлыг хамтран хариуцахыг хэлж байна.
Судалгааны дүнгээр гэр бүлийн үүрэг илүү тэнцвэртэй хуваарилагддаг газар төрөлтийн түвшин ихэвчлэн өндөр хэвээр байдаг аж. Иймээс төрөлтийн бууралтыг шийдэхийн тулд зөвхөн мөнгө, орон сууцны бодлого бус, гэр бүл доторх хөдөлмөрийн бодит хуваарилалтыг өөрчлөх шаардлагатай гэж Голдин онцолжээ.
