Улаанбаатараас Мандалговь чиглэлийн А0201 дугаартай авто замын 28 километр хэсэгт улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж буй их засварын ажил төлөвлөгөөний дагуу эрчимтэй үргэлжилж байна. Уг төслийг хоёр багц болгон гүйцэтгэж байгаа бөгөөд хоёрдугаар багцын буюу 122+200-134+800 км хоорондох замын шинэчлэлийг “Тэгш плант” ХХК хариуцан ажиллаж буй юм. Зам засварын явцад хуучин замын даланг өргөтгөх, хуучин асфальт хучилтыг дахин боловсруулах, цементээр бэхжүүлсэн суурь болон суурь асфальт бетон хучилт хийх ажлууд үе шаттай өрнөж байна.
Талбайд ажиллаж буй инженер, техникийн ажилтнууд замын чанар, стандартад онцгойлон анхаарч байна. Одоогийн байдлаар их засварын ажлын явц дараах тоон үзүүлэлтэд хүрээд байна:
- Хуучин асфальт хучилтыг дахин боловсруулах ажил: 8 км
- Цементээр бэхжүүлсэн суурь тавих ажил: 5 км
- Суурь асфальт бетон хучилт хийх ажил: 1.5 км
Засварын ажил идэвхтэй өрнөж байгаа тул тус чиглэлд зорчиж буй жолооч, аялагчдыг анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг уриаллаа. Хөдөлгөөнд оролцогчид түр замын хажуугаар дур мэдэн шинэ гарц гаргахгүй байх, замын далан руу авирахгүй байх, хурд хэтрүүлэлгүй замын тэмдэг тэмдэглэгээг чанд мөрдөх шаардлагатай. Энэхүү аюулгүй ажиллагааны шаардлагыг биелүүлснээр болзошгүй осол эрсдэлээс бүрэн сэргийлэх боломжтой юм.
