Шинэ судалгаагаар Австралийн харьяа Антарктидын бүсийн алслагдсан Херд болон МакДоналд арлуудад H5N1 шувууны томуугийн вирусын улмаас өмнөд далайн заан хавын мянга мянган зулзага хорогдсон байна.
Херд ба МакДоналд арлууд нь Австралиас баруун өмнө зүгт 4000 орчим километрийн зайд оршдог бөгөөд сая гаруй далайн шувуу, хавны үржлийн газар юм. Эрдэмтэд өнгөрсөн оны аравдугаар сар болон энэ оны нэгдүгээр сард цуглуулсан мэдээллээр тооцоолж, Херд арал дээрх 17,000 орчим далайн зааны зулзагын 13,000 гаруй нь өнгөрсөн наймдугаар сараас хойш H5N1 вирусын улмаас үхсэн гэж дүгнэжээ. Энэ нь нийт сүргийн 75 гаруй хувьтай тэнцэж байна. Судалгаагаар оцон шувуудын дунд ч хэвийн хэмжээнээс өндөр хорогдол ажиглагдсан.
Судалгааны үр дүн
Одоогийн байдлаар Австрали тив нь H5N1 вирус бүртгэгдээгүй цорын ганц тив хэвээр байгаа боловч энэхүү судалгаа нь вирус Антарктидын дэд бүс рүү тархаж буйг харуулж байна. Эрдэм шинжилгээний BioRxiv сэтгүүлд нийтлэгдсэн судалгаа хөндлөнгийн шинжээчдийн үнэлгээг хараахан аваагүй байна. Судалгаанд хүрэхэд бэрх арлууд дээр дроны ажиглалт болон газар дээрх судалгааг ашиглаж, есөн зүйлийн амьтнаас дээж авчээ. Шинжилгээгээр өмнөд далайн заан хав, Хаан оцон шувуу, Генто оцон шувуу, Антарктидын үслэг хав, Өмнөд Жоржийн шумбагч шувуу зэрэг зургаан зүйлээс H5N1 вирус илэрсэн.
Халдварын гол хохирогчид
Өнгөрсөн оны сүүлээр судалгааны экспедицийн баг хэдэн зуун үхсэн зулзага илрүүлснээр шувууны томуу арлуудад нөлөөлсөн байж болзошгүй гэж анхааруулга өгч байв. Энэ оны нэгдүгээр сард хийсэн нэмэлт судалгаагаар халдварын гол хохирогч нь далайн зааны зулзагууд байсан нь батлагдсан бол оцон шувуудад харьцангуй бага нөлөөлсөн байна. Судалгааны тайланд дурдсанаар Херд арал дээрх 17,364 зулзагын 13,359 нь үхсэнээр зарим бүсэд хорогдлын түвшин 97 хувьд хүрчээ. Судлаачид судалгаа дуусах үед ч зулзагууд үхсээр байсан тул бодит хорогдол үүнээс ч өндөр байж болзошгүй гэж үзэж байна. Мөн хэдэн зуун нас бие гүйцсэн хаан оцон шувуу үхсэн нь нийт сүргийн хувьд бага хувь боловч хэвийн түвшнээс давсан үзүүлэлт болсон.
Эрдэмтдийн анхааруулга
Судалгааны ахлах зохиогч, зэрлэг амьтан судлаач доктор Жули МакИннес “Херд болон Макдоналдын арлуудад H5 шувууны томуу илэрсэн нь Австралийн гадаад нутаг дэвсгэрт бүртгэгдсэн анхны тохиолдол. Уг вирус Антарктидын дэд бүс рүү зүүн чиглэлд үргэлжлэн тархаж байгааг харуулж байна” гэжээ. Тэрээр мөн “Бидний үр дүн Өмнөд Жоржиа зэрэг бусад дэд Антарктидын арлуудын нөхцөлтэй төстэй байна. Тэнд ч далайн заан хав хамгийн их өртсөн” гэдгийг онцолсон. Судалгаагаар альбатрос шувууд болон зөвхөн эдгээр арлуудад байдаг Херд арлын шад загас, хар нүүрт шийтбилл шувууны дунд хэвийн бус хорогдол илрээгүй аж.
Засгийн газрын хариу арга хэмжээ
Австралийн Байгаль орчны сайд Мюррэй Ватт энэ нөхцөл байдлыг “сэрэмжлүүлэх дохио” хэмээн тодорхойлж, вирус эх газрын Австралид нэвтрэх эрсдэлийг үл тоомсорлож болохгүйг анхааруулжээ. “Энэ вирус Австралид нэвтрэх магадлал бодитой гэдгийг бид хүлээн зөвшөөрч, түүнд бэлтгэх ёстой” гэж тэр хэлсэн. Эрдэмтдийн үзэж байгаагаар вирусыг Францын харьяа Крозет арлаас нүүдэллэн ирсэн шувууд өнгөрсөн наймдугаар сард эдгээр арлуудад авчирсан байх магадлалтай. Австралийн Засгийн газар болон эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтарсан Australian Antarctic Program цаашид өөрийн харьяа нутаг дэвсгэрүүдэд шувууны томуугийн шинж тэмдгийг тогтмол ажиглаж, хяналт тавихаа мэдэгдсэн байна.
