Дэлхийн соёлын өвд “Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” хэмээх нэрээр бүртгэгдсэн тус хайрханыг тайх төрийн тахилгын тов гарлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гаргасан зарлигийн дагуу уулын тэнгэрийг шүтэж, цувих энэхүү томоохон ёслолыг 2026 оны зургадугаар сарын 22, 23-ны өдрүүдэд зохион байгуулахаар товложээ. Түүх сөхвөл, Монгол төрөөс уг уулыг бүр 1818 оноос эхлэн албан ёсоор тахиж ирсэн уламжлалтай. Хэдийгээр социализмын үеийн шашингүй үзэл, бодлогын уршгаар энэхүү зан үйл нэг хэсэг тасалдаад байсан ч 1995 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар дахин сэргээсэн түүхтэй юм.
Жаран жилийн мөчлөгт ганцхан удаа тохиодог гал морин жилийн энэхүү тахилгаараа манай улс шашны зан үйлийг өвөрмөц байдлаар хослуулан үйлдэхээр шийдвэрлэсэн байна. Тодруулбал, уламжлалт шарын шашны лам хуврагуудаас гадна Их Монгол улсын үеийн төрийн гол шүтлэг байсан бөөгийн ёсыг хамтатган, Тэнгэр шүтлэг бүхий тодорхой тооны заарин, удгадуудыг албан ёсоор оролцуулах аж.
Түүхэн ач холбогдол бүхий эл ёслолын бэлтгэлийг өндөр түвшинд хангахын тулд холбогдох байгууллагууд нэгдэн ажиллаж байна. Энэ удаагийн тахилгын ажлыг зохион байгуулах үүргийг дараах талууд хамтран хүлээхээр болжээ:
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар
- Монголын тэнгэр үзэлтний Мөнх Тэнгэр Нэгдсэн Хороо
- МБШТ Гандантэгчинлэн хийд
