Мьянмарын уламжлалт шинэ жилийн баярын үеэр тус улсын эрх баригч цэргийн хунтын удирдагч Мин Аун Хлайн нийт 4893 хоригдлыг өршөөлөөр суллах шийдвэр гаргажээ. Энэ үйлдэл нь тухайн баярыг тохиолдуулан хийдэг ховор тохиолдлуудын нэг болж байна.
Өршөөлд хамрагдсан хүмүүсийн дунд 13 гадаадын иргэн багтсан бөгөөд тэднийг эх оронд нь буцаасан байна. Харин хүн амины, хүчингийн болон үндэсний аюулгүй байдалд хохирол учруулсан хэргүүдэд холбогдсон зарим хүмүүс өршөөлд хамрагдаагүй аж.
Мөн өршөөлд бүрэн хамрагдаагүй хэд хэдэн хоригдлын ялын хугацааг багасгаж, зарим тохиолдолд тэнсэн харгалзах шийтгэл болгон өөрчилсөн байна. Харин өршөөлд хамрагдсан хүн дахин гэмт хэрэг үйлдвэл өмнөх болон шинэ хэргийг нэгтгэн нэгдсэн ялаар шийтгэх нөхцөлтэй байгаа юм.
Шинэ жилийн баярын үеэр ингэж олноор нь хоригдол суллах нь Мьянмарт төдийлөн түгээмэл биш үзэгдэл. Гэсэн ч өнөө өглөө Янгон мужийн Инсейн шоронгийн гадаа олон хүн хайртай дотнын хүнээ угтан авахыг хүлээн цугларсан байна.
Гэсэн ч улс төрийн ялтангууд дээрх тоонд багтсан эсэх нь тодорхойгүй хэвээр байна. Улс төрийн хоригдлуудад туслах нийгэмлэгийн мэдээлснээр өнгөрсөн Баасан гарагийн байдлаар тус улсад 22197 улс төрийн хоригдол, тэдний дунд Аун Сан Су Чи ч багтсан хэмээн мэдээлсэн. Улс төрийн хоригдлуудын дийлэнх нь “өдөөн хатгасан” гэх зүйл ангиар ял шийтгүүлсэн бөгөөд энэ нь ихэвчлэн гурван жил хүртэлх хорих ялтай байдаг.
Өршөөлийн арга хэмжээ нь Мьянмарын хувьд сэтгэл засах чухал алхам мэт боловч улс орныг хамарсан хүнд хэцүү байдал үргэлжилсээр байна. Тус улс гуравдугаар сарын 28-нд хүчтэй газар хөдлөлтөд нэрвэгдсэн ба сүүлийн мэдээгээр 3725 хүн амь насаа алдсан байна. Иймээс энэ жилийн Тингян баяр тийм ч өргөн дэлгэр тэмдэглэгдсэнгүй.