Эрчим хүчний үндэсний төвийн захирлаар ажиллаж байсан Д.Бямбасүрэн болон “Эс жи групп” ХХК-ийн хооронд үүссэн авлигын асуудлыг шүүх эцэслэн шийдвэрлэлээ. Тус компани Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутагт байрлах алтны уурхайдаа цахилгаан татахын тулд албан тушаалтанд нөлөөлж, хууль бус давуу байдал олж авсан нь тогтоогдсон байна. Өмнө нь манай сурвалжлах баг тус компанийг техникийн нөхцөл, албан ёсны зөвшөөрөл нь гарахаас өмнө эрчим хүчний шугам угсралтын ажлаа дуусгасан байсан талаар олон нийтэд мэдээлж байсан билээ.
Хэргийн нөхцөл байдлыг авч үзвэл, Д.Бямбасүрэн нь нийтийн албан тушаалтны давуу эрхээ ашиглан техникийн комиссын гишүүдэд нөлөөлсөн гэх үндэслэлээр буруутгагдсан юм. Тэрээр 2022 оны аравдугаар сарын 18-ны өдөр “Эс жи групп”-ийн талд ашигтай шийдвэр гаргах буюу тодорхой шаардлагуудыг техникийн нөхцөлөөс хасах, зураг төслийн магадлал хийлгэх замаар улсын комисст хүлээлгэн өгөхөд дэмжлэг үзүүлж, хариуд нь 5 сая төгрөгийн хахууль авчээ.
Шүүхээс холбогдох этгээдүүдэд дараах ял шийтгэлийг оногдуулсан байна. Үүнд:
- Д.Бямбасүрэн: Нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, нийтийн албанд томилогдох эрхийг нь 5 жилээр хасаж, 30 сая төгрөгийн торгох ял.
- Ц.М: “Эс жи групп” ХХК-ийн зөвлөхөөр ажиллаж байхдаа бусдад хахууль өгсөн гэм буруутай нь тогтоогдож, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилээр хасаж, 3 сая 900 мянган төгрөгийн торгууль.
Прокурорын байгууллагаас тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг болон 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд шилжүүлсэн байсан юм. Ийнхүү эрх мэдэл, албан тушаалаа ашиглан бусдад давуу байдал олгосон төрийн өндөр албан тушаалтан хуулийн хариуцлага хүлээлээ.
