Пентагоны өндөр албан тушаалтан Иран дахь дайны зардлын албан ёсны тооцоог анх удаа олон нийтэд танилцууллаа. Өнөөдрийн байдлаар уг мөргөлдөөн АНУ-д нийт 25 тэрбум ам.долларын өртөгтэй тусаад байна гэж Reuters агентлаг мэдээлэв.
АНУ-ын Батлан хамгаалах яамны Хянан шалгагчийн үүрэг гүйцэтгэгч Жулс Херст Төлөөлөгчдийн танхимын Зэвсэгт хүчний хорооны сонсголын үеэр хууль тогтоогчдод мэдээлэхдээ, эдгээр хөрөнгийн дийлэнх хэсгийг байлдааны галт хэрэгсэлд зарцуулсан болохыг дурджээ. Гэвч Херст энэхүү зардлын тооцоонд яг юу багтсан, мөн Ойрхи Дорнодод мөргөлдөөний улмаас сүйдсэн дэд бүтцийг сэргээн засварлах урьдчилсан зардлыг оруулсан эсэх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Хорооны Ардчилсан намын гол төлөөлөгч, Конгрессын гишүүн Адам Смит Херстэд хандан: “Та энэ асуултад хариулсанд баяртай байна. Учир нь бид маш удаан хугацааны турш үүнийг асуусан боловч хэн ч тодорхой тоо баримт хэлж байгаагүй” хэмээн хариулжээ.
Энэхүү мэдээлэл АНУ-ын дунд шатны сонгууль болохоос ердөө зургаан сарын өмнө гарч байгаа нь анхаарал татаж байна. Сонгуулиар Бүгд найрамдах намынхан хүндхэн сорилттой тулгарч магадгүй байгаа бол Ардчилсан намынхан олон нийтийн санал асуулгаар өндөр рейтингтэй байгаа юм. Тиймээс тэд олон нийтийн дэмжлэг багатай байгаа Иран дахь дайныг санхүүгийн үр ашиггүй байдалтай холбон тайлбарлахыг оролдож байна.
Америкийн Нэгдсэн Улс хоёрдугаар сарын 28-наас Иранд цохилт өгч эхэлсэн бөгөөд одоогоор талууд хэврэгхэн эвлэрлийн горимд шилжээд байгаа юм. Пентагон Ойрхи Дорнодын бүс нутаг руу хэдэн арван мянган нэмэлт цэрэг илгээснээс гадна тус бүсэд нисэх онгоц тээвэрлэгч гурван хөлөг онгоц байрлаж байна.
Уг мөргөлдөөний явцад Америкийн 13 цэрэг амь үрэгдэж, олон зуун хүн шархаджээ. Мөн дайн эхэлснээс хойш газрын тос, байгалийн хийн нийлүүлэлт тасалдсаны улмаас АНУ-д шатахууны үнэ болон бордоо зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ өсөж, хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдлийг улам нэмэгдүүлээд байна.
