УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалантай холбоотой асуудлыг Авлигатай тэмцэх газар (АТГ) үргэлжлүүлэн шалгаж байна. Энэхүү мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд түүнд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ одоогоор хүчин төгөлдөр хэвээр байгаа юм.
Тэрбээр өөрт нь тогтоосон хилийн хоригийг цуцлуулах хүсэлтийг шүүхэд удаа дараа гаргасан ч амжилт олоогүй байна. Хамгийн сүүлд энэ сарын 10-ны өдөр гаргасан хүсэлтийг нь шүүх бүрэлдэхүүн энэ сарын 13-ны өдөр хэлэлцээд, хязгаарлалтыг өөрчлөх зайлшгүй шаардлага харагдахгүй байна гэх үндэслэлээр хүлээж аваагүй юм. Үүний дараа Д.Амарбаясгалан Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүхийн Ерөнхий шүүгчид хандан гомдол гаргасан ч тус шүүх түүний гомдлыг дахин няцааж, хоригийг хэвээр үлдээх шийдвэр гаргажээ.
Эргэн сануулахад, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөн нийтийн албан тушаалтан байхдаа хахууль авсан байж болзошгүй гэх зүйл ангиудаар яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Албан бус мэдээллээр түүнд холбогдох хэргийг мөрдөж дууссан бөгөөд хэргийн материалыг прокурорт шилжүүлэхэд бэлэн болсон гэх мэдээлэл байна.
