Монголын цахим спортын тамирчин М.Азбаяр буюу Senzu “CS2”-ын ертөнцийг шуугиулсан нэгэн томоохон шилжилтийг хийлээ. Өмнө нь Украины “PassionUA” багт зээлээр хүч үзэж байсан тэрбээр одоо “BC.Game” багт үргэлжлүүлэн тоглохоор болов. Ингэснээр манай тамирчин цахим спортын түүхэн дэх хамгийн агуу тоглогчдын нэг гэгддэг “s1mple”-тэй нэгэн баг болж, мөр зэрэгцэн тулалдахаар болсон нь олны анхаарлыг ихээхэн татаж байна.
“BC.Game” багийн шинэчлэл ба сорилтууд
“BC.Game” багийн хувьд сүүлийн үед тэмцээн уралдаануудад төдийлөн хангалттай амжилт үзүүлж чадахгүй байгаа юм. Тухайлбал, тэд саяхан болж өнгөрсөн “PGL Bucharest” тэмцээний хэсгийн шатнаас хасагдаж, удахгүй болох “IEM Cologne Major” тэмцээний эрхээ ч авч чадаагүй зэрэг тааруу үзүүлэлтүүдийг үзүүлээд байгаа билээ. Үүнээс үүдэн багийн удирдлагууд бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж, хангалтгүй тоглолт үзүүлсэн гэх шалтгаанаар MUTiRiS болон aragornN нарыг багаас хасах шийдвэр гаргасан байна.
Senzu-ийн хувийн үзүүлэлт ба хүлээлт
М.Азбаяр энэ оны хоёрдугаар сараас эхлэн “PassionUA” багт тоглож байхдаа хувийн ур чадвараараа бусдыгаа тэргүүлж байв. Тэрбээр 1.21 гэсэн өндөр рейтингтэй тоглож, багийнхаа хамгийн шилдэг үзүүлэлттэй тоглогчоор тодорч байсан ч багийн нийт амжилт төдийлөн ахиагүй юм. Шинэ багтаа ирснээр тэрбээр “s1mple” болон “electroNic” зэрэг дэлхийн хэмжээний одуудтай хамтран тоглох ховорхон боломж бүрдэж байна.
Багийн туслах дасгалжуулагч ScrunK ирэх хоёр тэмцээнд багийг ахалж, “stand-in” тоглогчоор оролцох бөгөөд “IEM Cologne Major” тэмцээний дараа үндсэн бүрэлдэхүүнээ эцэслэн бүрдүүлэхээр төлөвлөжээ.
“BC.Game” баг ирэх “IEM Atlanta” болон “CS Asia Championships” тэмцээнүүдэд дараах бүрэлдэхүүнтэйгээр оролцохоор болсон байна:
- s1mple
- electroNic
- krazy
- Senzu
- ScrunK (stand-in)
- Дасгалжуулагч: TaZ
Энэхүү шинэ бүрэлдэхүүн “The MongolZ”-оос зээлээр ирсэн Senzu-ийн тусламжтайгаар амжилтаа ахиулж, дэлхийн тавцанд эргэн ирж чадах эсэхийг харах л үлдлээ.
Senzu өмнө нь манай “The Mongolz” багийн бүрэлдэхүүнд удаан хугацаанд хүчин зүтгэсэн бөгөөд 1xBet Монгол-ын дэмжлэгтэйгээр “Esports World Cup 2025” дэлхийн хэмжээний тэмцээнд түрүүлж байсан билээ.
