“Барселона” клубийн жигүүрийн довтлогч Ламин Ямаль Испанийн Ла Лигийн “Сарын шилдэг тоглогч”-оор тодорсон тоогоороо “Реал Мадрид”-ын домогт тоглогч Криштиану Роналдуг ардаа орхилоо.
Өдгөө 18 настай “цэнхэр-улаанууд”-ын залуу одон дөрөвдүгээр сарын Примерагийн шилдэг хөлбөмбөгчнөөр шалгарсан бөгөөд энэ нь түүний дөрөв дэх шагнал юм. Харин Криштиану Роналду карьерынхаа туршид энэхүү шагналыг гурван удаа хүртэж байжээ.
Ламин Ямаль өмнө нь 2024 оны есдүгээр сар, 2025 оны арваннэг болон арванхоёрдугаар саруудад Ла Лигийн шилдэг тоглогчоор тодорч байсан бол ийнхүү 2026 оны дөрөвдүгээр сард дахин шилдгээр нэрлэгдлээ. Харин Роналдугийн хувьд 2013 оны арваннэгдүгээр сар, 2015 болон 2017 оны тавдугаар саруудад уг шагналыг авч байсан түүхтэй.
Сонирхуулахад, Ла Лигийн сарын шилдэг хөлбөмбөгчнийг 2013 оноос эхлэн тодруулж эхэлсэн юм. Криштиану Роналду “Реал Мадрид” клубт 2009 оноос 2018 оны хооронд хүчин зүтгэж байсан билээ.
