Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах зорилгоор хоёр жилийн өмнө нийтийн тээврийн маршрутын өөрчлөлт хийсэн ч, зарим чиглэлийг сэргээхгүй орхисон нь иргэдийн бухимдлыг төрүүлсээр байна. Тухайлбал, “Зүүн салаа–Халдварт”, “Орбит–Ард кино театр” чиглэлүүдийг өнөөг хүртэл буцаан сэргээгээгүй байгаа юм.
“Офицер–Таван шар” ганц чиглэл иргэдэд үлдэв
Энэ нь Сонгинохайрхан дүүргийн баруун бүсэд оршин суугч иргэдийг “Офицер–Таван шар” гэсэн ганц автобус хүлээн, удаан хугацаагаар хүлээлгэдэг болсон. Өмнө нь олон иргэн “Зүүн салаа–Халдварт” чиглэлийн автобус ашиглан Хавдар судлалын үндэсний төв, Халдвар судлалын үндэсний төв зэрэг эрүүл мэндийн байгууллагад хүрдэг байсан бол одоо энэ боломж хаагдаж, хүндрэл үүсчээ.
Иргэдийн хүсэлтийг хүлээн аваагүй хэвээр
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд уг чиглэлийг дахин сэргээх талаар иргэд Нийтийн тээврийн бодлогын газарт удаа дараа албан хүсэлт гаргасан ч хариу аваагүй. Түүнчлэн, шинэ маршрутуудыг бусад чиглэлд нэмснээр төв зам дагуух тээврийн хэрэгслийн давхцал улам ихэссэн байна.
Хотын даргад хандан хүсэлт хүргүүлэв
Иргэд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт хандан дараах саналыг илэрхийлж байна:
“Зүүн салаа–Халдварт чиглэлийн автобусыг сэргээснээр иргэд ганцхан унаагаар эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжтой болно. Хавдар, халдвар зэрэг өвчтэй иргэдийн хувьд энэ бол хамгийн чухал асуудал. Ядарсан ард иргэд хөл дүүжлэх унаатай байх ёстой.”