Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хаврын тариалалтын бэлтгэл, мал төллөлтийн явц болон цаг үеийн бусад асуудлын талаар мэдээлэл сонслоо. Хэлэлцүүлгийн үеэр махны үнийн өсөлт онцгой анхаарал татаж, салбарын бодлого, зохицуулалтын талаар асуулт хөндөгдсөн байна.
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл хэрэглээний үнийн индекст жин дардаг махны үнэ богино хугацаанд огцом өссөнийг тодотгож, бодит шийдэл юу байгааг салбарын сайдаас тодруулжээ. Тэрбээр 2025 оны аравдугаар сарын 20-нд үхрийн ястай мах нэг кг нь 20 мянга гаруй төгрөг байсан бол таван сарын дараа 32 мянган гаруй төгрөгт хүрч, 52.6 хувиар өссөнийг дурдсан байна.
Мөн зөвхөн үхрийн мах бус, бусад бүх төрлийн махны үнэ өссөн гэдгийг тэр онцолсон юм. Олон сая малтай атлаа хот суурин газрын эрэлтийг тогтвортой хангаж чадахгүй байгаа нөхцөлд төр ямар бодлого хэрэгжүүлэх гэж байгааг Б.Мөнхсоёл асуужээ.
Түүнчлэн хөлдөөж хадгалсан махаар хотын иргэдийн хэрэгцээг бүрэн хангах боломжгүй байгааг тэр хөндсөн байна. Түүний хэлснээр, зах зээлд нийлүүлж буй зарим нөөцийн мах “амтгүй, хатсан юм шиг” байгаа тул шинэ технологи нэвтрүүлэх, түүнийг бодлогын түвшинд дэмжих боломж байгаа эсэхийг мөн тодруулсан байна.
Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат яамны үндсэн чиг үүргийг тайлбарлах байр суурь илэрхийлжээ. Тэрбээр “Манай яамны үүрэг бол малтай байх, малчинтай байх, хоол ундтай байх талын зохицуулалтыг хариуцах” хэмээн мэдэгдсэн байна.
Нөөцийн махны асуудлыг яам биш, нийслэл хариуцаж эхлээд гурван жил болсон гэж сайд хэлжээ. Түүний мэдээлснээр, Улаанбаатар хот зах зээлд хараахан гаргаагүй байсан 3,000 тн махаа түгээлтийн цэгүүдийг нэмэгдүүлэх замаар иргэдэд хүргэж байгаа аж.
Мөн нийслэлийн эргэн тойрон дахь аж ахуйн нэгжүүд “амттай, шинэ мах”-ыг бэлтгэн зах зээлд нийлүүлж байгааг дурдсан байна. Харин ХХААХҮЯ-наас махны фермерийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд олон төрлийн хөнгөлөлттэй зээл олгодог гэдгийг тайлбарлажээ.
Гэвч УИХ-ын гишүүний тавьсан махны үнийн 52.6 хувийн өсөлтийг хэрхэн тогтворжуулах, хотын хэрэглээг ямар бодлогоор хангах талаар тодорхой, шууд хариулт энэ үеэр сонсогдсонгүй. Иймээс махны үнийн огцом өсөлтөд чиглэсэн шийдэл, бодлогын тодорхой зураглал одоогоор тодорхойгүй хэвээр үлдсэн байна.
- Үхрийн ястай махны үнэ таван сарын хугацаанд 52.6 хувиар өсжээ.
- УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл махны үнийн өсөлтийн шалтгаан, бодлогын шийдлийг тодруулсан байна.
- Сайд нөөцийн махыг нийслэл хариуцдаг, 3,000 тн махыг түгээж байгаа талаар мэдээлжээ.
