Францын зүүн хэсэгт орших Жозефина Бейкерийн нэрэмжит бага сургуулийн сурагчид тоглоомын талбайнхаа ойролцоо суугаа байдалтай хүний араг яс олжээ. Уг араг ясны толгой хэсэг дугуй нүхнээс цухуйж байсан тухай The Guardian болон Mongolnews24.com мэдээллээ.
Сүүлийн нэг сарын хугацаанд тус бүс нутгаас үүнтэй ижил төстэй дөрвөн ч араг яс олдоод байна. Эдгээр олдворууд нь МЭӨ 300-200 оны үед хамаарах бөгөөд археологичдын үзэж буйгаар эртний галлуудын (Кельт гаралтай үндэстэн) үлдэгдэл аж. Өнгөрсөн жил уг газраас ердөө 20 метрийн зайд өөр 13 араг яс олдож байжээ.
Шинээр олдсон араг яс нь өмнөхүүдийн адил нэг метр орчим өргөнтэй нүхэнд, гараа өвдөг дээрээ тавьж, нуруугаа зүүн хананд нааж, баруун зүг рүү харсан байдалтай байжээ.
Сүүлийн 30 жилийн турш Дижон хотод хийсэн малтлагууд нь уг хот МЭӨ V зуунд анх үүссэн кельтүүд буюу галлчуудын хувьд чухал ач холбогдолтой газар байсныг гэрчилж байна. Галлчуудын соёл иргэншил төдийлөн сайн судлагдаагүй бөгөөд тэдний тухай гол мэдээллүүд нь Ромын эзэнт гүрний хаан Юлий Цезарийн тэмдэглэл зэрэг бусад үндэстний бичиж үлдээсэн сурвалжуудаас эхтэй байдаг.
Анхны нээлтийг 1992 онд Дижон хотын төвд хийж байсан бөгөөд тухайн үед суугаа байдалтай 20 гаруй галлын булш олдож байв. Энэ нь дэлхий даяар бүртгэгдсэн ийм төрлийн 75 оршуулгын дөрөвний нэгээс илүү хувь нь юм. Үүнтэй төстэй олдворууд Франц, Швейцарь, Их Британийн нутаг дэвсгэрээс олдож байжээ.

“Эдгээр олдворуудын тоо болон чанараас үзэхэд Дижонд галлуудын томоохон суурин байсан гэж хэлж болно” хэмээн Францын археологийн судалгааны хүрээлэнгийн (INRAP) судлаач Режис Лабо мэдэгдэв.
Ийнхүү суугаа байдлаар оршуулах болсон шалтгаан нь одоогоор тодорхойгүй байна. Энэ нь гэмт хэрэгтнүүдэд оноодог шийтгэл байсан уу, эсвэл нөлөө бүхий эрхмүүдэд үзүүлдэг хүндэтгэл үү гэдэг нь эргэлзээтэй хэвээр байгаа юм. Олдсон биесийн тав нь хүчирхийллийн улмаас амиа алдсан шинжтэй бөгөөд нэгнийх нь гавлын яснаас үхлийн шарх олджээ. Булшнаас нэгэн бугуйвчийг эс тооцвол ямар нэгэн эд зүйл, гоёл чимэглэл олдоогүй байна. 1992 онд олдсон хүүхдийн араг яснаас бусад нь бүгд 1.62-1.82 метр өндөртэй эрэгтэй хүмүүсийнх байжээ.
Архео-антропологич Аннамария Латрон олдворуудын шүд маш сайн хадгалагдаж үлдсэнийг онцлоод, энэ нь тэдний хүнсэнд сахар бараг байгаагүйгээс шалтгаалсан байх магадлалтай гэв. Мөн яснуудаас остеоартрит (үе мөчний үрэвсэл, элэгдэл) шинж тэмдэг илэрсэн нь тэднийг амьд ахуйдаа хүнд хүчир хөдөлмөр хийдэг, ялангуяа хөлөндөө их ачаалал авдаг байсныг илтгэж байна.

