Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлагийн тоглолтыг угтаж Сөүл хотын захиргаанаас нийслэлийн түүхэн дурсгалт газруудыг улаан өнгөөр гэрэлтүүлэхээр шийдвэрлэсэн нь олон нийтийн шүүмжлэлд өртөж, улс төрийн сурталчилгаа хийх гэсэн оролдлого хэмээн буруутгагдахад хүрээд байна. Энэ тухай “Yonhap” агентлаг мэдээлснийг Mongolnews24.com дамжууллаа.
БНСУ-ын улс төрийн соёлд улаан өнгө нь одоогийн сөрөг хүчин болох консерватив “Иргэний хүч” намыг бэлгэддэг. Харин либерал үзэлтэй “Тобуро” Ардчилсан нам уламжлалт хөх өнгийг ашигладаг бол BTS хамтлагийн бэлгэдэл нь нил ягаан өнгө юм. Сөүл хотын дарга О Сэ Хун нь “Иргэний хүч” намын төлөөлөл бөгөөд ирэх зургаадугаар сард тус улсад орон нутгийн сонгууль болох гэж буй нь энэхүү хардлагыг төрүүлжээ.
Хамтлагийн “Hybe” энтертайнментаас энэхүү нөхцөл байдалд тайлбар хийхдээ: “Улаан өнгийг ‘Ариран’ цомгийн үндсэн өнгө төрхийг тодотгох зорилгоор сонгосон. Сөүл хотын захиргаа бидний хүсэлтийн дагуу энэ өнгийг ашиглаж байгаа” хэмээв. Мөн тэд хөгжмийн арга хэмжээнээс улс төрийн агуулга хайхгүй байхыг уриаллаа.
BTS хамтлаг 2022 оноос хойш буюу цэргийн алба хаасны дараах анхны цомгоо гуравдугаар сарын 20-нд гаргах бөгөөд маргааш нь буюу 21-нд Сөүл хотын төвд 260 мянга орчим үзэгч хүлээн авах үнэ төлбөргүй тоглолтоо хийх юм. Хамтлагийн уран бүтээлийн завсарлага нь гишүүд БНСУ-ын Зэвсэгт хүчинд хугацаат цэргийн алба хаасантай холбоотой байсан билээ.
Үүнтэй төстэй дуулиан Өмнөд Солонгост 2025 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө гарч байсан юм. Тухайн үед “Aespa” хамтлагийн дуучин бүсгүй сонгуулийн өмнөхөн улаан өнгийн “2” гэсэн тоотой хүрэм өмсөж зургаа авахуулсан нь “Иргэний хүч” намаас нэр дэвшигчийг (саналын хуудсанд хоёрдугаарт бичигдсэн) дэмжсэн далд утгатай хэмээн шүүмжлүүлж байв.
