Израилын зэвсэгт хүчин Ираны Үндэсний аюулгүй байдлын дарга Али Ларижани-г шөнө өгсөн цохилтоор хөнөөсөн тухай мягмар гарагт мэдээлсэн бөгөөд Ираны төрийн хэвлэлүүд ч уг мэдээллийг баталлаа. Энэхүү үйл явдал бүс нутгийн хурцадмал байдлыг нэмэгдүүлж, зөрчил мөргөлдөөн өргөжих эрсдэлийг улам дагуулж байна.
Ираны зэвсэгт хүчний командлагч Амир Хатами Израилын энэ үйлдэлд хариу барихаа мэдэгдэж, “шийдэмгий цохилт” өгөхөө анхааруулсан байна. Үүнтэй зэрэгцэн Ираны Хувьсгалт гвард 2026.03.18-ны өдөр хийсэн мэдэгдэлдээ Али Ларижани болон бусад амь үрэгдэгсдийн “цусан өшөөг” авах зорилгоор Израилын төв бүс рүү пуужин харвасан хэмээн дурджээ.
Али Ларижани нь Ираны дотоод улс төрд нөлөө бүхий байр суурь эзэлж байсан бөгөөд хоёрдугаар сард Дээд удирдагч Аяатолла Али Хамэнэй Израилын цохилтод амиа алдсаны дараа илүү нөлөөтэй болсон гэж эх сурвалжууд мэдээлсэн. Түүнийг барууны орнуудтай харилцах асуудалд харьцангуй зөөлөн байр суурь баримталдаг, прагматик чиг хандлагатай улстөрч гэж үнэлдэг байв.
Гэвч нөхцөл байдал хурцадсаны дараа түүний байр суурь өөрчлөгдөж, “Бид тэдний зүрхийг шатаах болно. Зионист гэмт этгээдүүд болон ичгүүргүй америкчуудыг хийсэн үйлдэлд нь харамсуулна” хэмээн мэдэгдэж байсан нь тэмдэглэгдэж байна.
Али Ларижани амь үрэгдсэн нь Ираны дотоод засаглалын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, улс төрийн нөхцөл байдлыг илүү хүндрүүлэх хүчин зүйл болж байна.
