Олон улсын холимог тулааны холбооноос (IMMAF) 2026 оны чансааг шинэчлэн зарлахад Монгол Улсын тамирчин, ОУХМ Б.Алтанчимэг залуучуудын ангилалд дэлхийн шилдэг аравт багтаж, 7 дугаар байрт эрэмбэлэгдлээ. Түүний энэхүү амжилт нь сүүлийн жилүүдэд олон улсын дэвжээнд үзүүлсэн тогтмол амжилт, чансааны оноотой нь шууд холбоотой юм.
Б.Алтанчимэг нь залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өөрийн ур чадвараа батлан харуулсаар ирсэн бөгөөд түүний гол амжилтуудаас дурдвал:
- 2025 он: Залуучуудын ДАШТ-ий алтан медаль;
- 2024 он: Залуучуудын ДАШТ-ий хүрэл медаль;
- Тивийн амжилт: 2024 оны насанд хүрэгчдийн Ази тивийн АШТ-ээс хүрэл медаль хүртсэн.

Харин эмэгтэй тамирчдын энэхүү чансааг сонирхогчийн түвшинд 16 ялалттай, нэг ч ялагдалгүй (16-0-0) яваа Украины алдарт тамирчин Мария Клейн тэргүүлсэн байна. Чансааны хоёрдугаар байрт Польш улсын тулаанч Юлия Глаз бичигджээ. Манай тамирчны хувьд ийнхүү дэлхийн чансааны эхний аравт бичигдсэн нь цаашид мэргэжлийн түвшинд шилжих болон олон улсын томоохон тэмцээнүүдэд оролцоход чухал давуу тал болох юм.
