Холливудын нэрт жүжигчин Шон Пенн “Оскар“-ын шагнал гардуулах ёслолыг алгасаж, “Шилдэг туслах дүр”-ийн номинацад хүртсэн шагналаа биечлэн аваагүй шалтгаан нь тэрээр Украин руу явсантай холбоотой байжээ.
Mongolnews24.com-ийн мэдээлснээр, “The New York Times” сонин жүжигчний төлөвлөгөөг мэдэх хоёр эх сурвалжийг иш татан энэ талаар бичсэн байна. Эх сурвалжуудын хэлж буйгаар Пенн өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Европ болон Украин руу явахаар төлөвлөсөн байжээ. Гэвч тэрээр тус улсын хаана, ямар зорилгоор очсон нь одоогоор тодорхойгүй байна.
Шон Пенн 2022 онд зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш Украинд тогтмол зочилж, “Superpower” нэртэй баримтат киног тэнд бүтээсэн юм. Тэрээр Украины удирдагч Володимир Зеленскийтэй дотно нөхөрлөдөг бөгөөд өөрийн нэг “Оскар”-ын статуэткаг дайн дууссаны дараа буцааж авахаар тохиролцон түүнд хадгалуулсан байдаг. Түүнчлэн тэрээр өөрийн шагналуудыг хайлуулж, Украины зэвсэгт хүчинд зориулан сум болгох хүсэлтэй байгаагаа ч илэрхийлж байсан удаатай.
Өдгөө 65 настай жүжигчин нийгэм, улс төрийн идэвхтэй тэмцэгч гэдгээрээ алдартай. Тэрээр 2002 онд АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Бушийн Ирак руу довтлох шийдвэрийг эсэргүүцэж, 2005 онд “Катрина” хар салхинд нэрвэгдсэн Шинэ Орлеан хотод аврах завийг биечлэн жолоодож байв. Мөн 2010 онд Гаитид болсон газар хөдлөлтийн дараа орон гэргүй болсон иргэдэд зориулсан “Core” хүмүүнлэгийн байгууллагыг үүсгэн байгуулж байжээ.

One Battle After Another триллер кинонд бүтээсэн дүр нь Шон Пенний карьер дахь зургаа дахь “Оскар”-ын нэр дэвшилт, гурав дахь ялалт нь болж байна. Шагнал гардуулах ёслолын үеэр ялагчийг зарласан Киран Калкин түүний өмнөөс статуэткаг гардан авахдаа Пеннийг “хүрэлцэн ирж чадаагүй эсвэл ирэхийг хүсээгүй” хэмээн хошигножээ.
Пенн энэ дүрээрээ мөн Британийн кино академийн BAFTA болон Кино жүжигчдийн эвлэлийн (SAG) шагналыг хүртсэн ч тэдгээр ёслолын ажиллагааг мөн л өнжсөн юм.
