Америкийн кино академийн 98 дахь удаагийн “Оскар” гардуулах ёслолын үеэр K-pop урлагийн ертөнцөд нэгэн шинэ түүх бичигдлээ. “K-Pop Demon Hunters” анимэйшн киноны “Golden” хэмээх бүтээл “Шилдэг дуу” номинацад ялалт байгуулж, тус урсгалаас Оскарын алтан хүнийг гардсан анхны тохиолдол болов. Энэхүү амжилт нь Солонгосын поп хөгжмийн нөлөө кино урлагийн хамгийн өндөр босгыг давж буйн тод илрэл боллоо.
Уг дууны ая, үгийг зохиосон Teddy Park, Ejae болон Ido нар энэ төрөлд Оскар хүртсэн Өмнөд Солонгосын анхны уран бүтээлчид болж, дэлхийн хөгжмийн түүхэнд нэрээ мөнхөллөө. “K-Pop Demon Hunters” бүтээл нь зөвхөн шилдэг дуу гэлтгүй, “Шилдэг анимэйшн кино” номинацад мөн тэргүүлснээр тус наадмаас хос шагналтай буцсан байна.
“Golden” дуу энэ жилийн хүчтэй өрсөлдөгчдийг ардаа орхиж ялалт байгуулсан бөгөөд тус төрөлд дараах бүтээлүүд нэр дэвшсэн байв:

- “Sinners” киноны дуу
- “Train Dreams” киноны бүтээл
- “Viva Verdi!” киноны хөгжим
- Diane Warren-ы “Relentless” киноны дуу
Харин нэрт хөгжмийн зохиолч Diane Warren энэ удаад 17 дахь номинацаа хүлээн авсан ч дахин ялалт байгуулж чадсангүй. Тэрээр хамгийн анх 1987 онд “Mannequin” киноны “Nothing’s Gonna Stop Us Now” дуугаараа Оскарт нэр дэвшиж байсан түүхтэй бөгөөд олон жилийн турш шилдэг дуунуудыг туурвисан ч өнөөдрийг хүртэл албан ёсны шагнал хүртээгүй хэвээр байна.
