Итали улсын Милан болон Кортина д’Ампеццо хотуудад зохион байгуулагдсан өвлийн паралимпын наадам амжилттай болж, хөшгөө хаалаа. Тэмцээний сүүлийн өдөр гүйлтийн цанын тамирчид 20 км-ийн зайд тэших техникээр хурд хүчээ сорьсноор Монголын баг тамирчдын уралдаан албан ёсоор дууссан юм.
Энэхүү зайд нийт 30 шилдэг тамирчин гараанаас гарч өрсөлдсөнөөс манай улсын тамирчид дараах амжилтыг үзүүллээ:
- ОУХМ Цэгмидийн Дашдорж: 53:11.0 цагийн үзүүлэлтээр 26 дугаар байр;
- ОУХМ Батмөнхийн Ганболд: 55:09.3 цагийн амжилтаар 28 дугаар байр.
Мөн уулын цанын төрөлд эх орноо төлөөлөн оролцсон ОУХМ Бямбадоржийн Цэрэнпунцаг Жиант слаломын ангилалд анх удаа хүч үзсэн юм. Тэрээр эхний гараандаа 1:36.72 цагийн амжилтаар 33 дугаарт жагссан бол хоёрдугаар гараандаа хурдаа ахиулж 1:34.29 цагт барианд орсноор 29 дүгээр байрт бичигдэв. Ингэснээр хоёр гарааны нийлбэр дүнгээр 23 улсын 41 тамирчнаас 30 дугаар байр эзэлсэн амжилттайгаар паралимпоо өндөрлүүллээ.
Наадмын хаалтын ёслолын ажиллагаа Кортина хотын Кёрлингийн ордонд ёслол төгөлдөр болж өнгөрөв. Тус ёслолд Монгол Улсын төрийн далбааг гүйлтийн цанын үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Цэгмидийн Дашдорж бахархалтайгаар мандуулан жагссан юм. Тэрбээр дэлхийн шилдэг пара тамирчидтай мөр зэрэгцэн алхсанаар манай улсын баг хамт олны “Милан-Кортина 2026” наадам дахь оролцоо түүх болон үлдлээ.
