АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Умард Атлантын эвсэл (НАТО)-ийн холбоотнуудаас Ормузын хоолойн гацааг гаргахад тусламж хүсэж, Вашингтон өмнө нь Киевт дэмжлэг үзүүлж байсныг санууллаа.
Энэ тухай АНУ-ын удирдагч Дональд Трамп Британийн “Financial Times” сонинд өгсөн ярилцлагадаа дурдсаныг Mongolnews24.com дамжуулав. Тэрээр хэлэхдээ: “Манайд НАТО гэдэг бүтэц бий. Бид маш найрсаг хандсан. Үнэндээ бид Украины асуудлаар тэдэнд (НАТО-ийн холбоотнуудад) туслах албагүй байсан. Украин улс биднээс хэдэн мянган километрийн зайд оршдог. Гэсэн ч бид тусалсан. Одоо тэд бидэнд хариу тусламж үзүүлэх эсэхийг харъя. Бид тэдэнд туслахад бэлэн байдаг ч тэд бидэнтэй хамт байхад бэлэн биш байна гэж би эртнээс хэлж ирсэн. Тэд биднийг дэмжих эсэхт би итгэлгүй байна” гэжээ.
Өмнө нь мэдээлснээр, Цагаан ордны тэргүүн хэрэв НАТО-ийн гишүүн орнууд Ормузын хоолойн нөхцөл байдлыг шийдвэрлэхэд Вашингтонд туслахгүй бол тус эвслийг “маш бүрхэг ирээдүй” хүлээж байгааг анхааруулсан юм.
3-р сарын 2-ны өдөр Ираны Исламын хувьсгалыг хамгаалах корпусын хошууч генерал Эбрахим Жабари дэлхийн газрын тосны экспортын тавны нэг нь дамжин өнгөрдөг Ормузын хоолойг Израиль болон АНУ-ын цэргийн ажиллагааны улмаас хаана гэдгийг анхааруулж байв. Харин 3-р сарын 5-нд Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи мэдэгдэхдээ хоолойг албан ёсоор хаагаагүй, харин тээвэрлэгч хөлөг онгоцууд болон танкерууд хоёр талын цохилтод өртөхөөс эмээж, өөрсдөө нэвтрэхээс татгалзаж байгаа гэж тайлбарлажээ.
