Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар манай улсад зохион байгуулагдах дэлхий болон тивийн хэмжээний спортын томоохон арга хэмжээнүүдийн жагсаалтыг эцэслэн баталлаа. Биеийн тамир спортын хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасны дагуу тухайн жилд улсын төсвийн дэмжлэгээр явагдах тэмцээнүүдийг ийнхүү тодорхойлсон бөгөөд нийт 20 холбооноос ирүүлсэн 29 санал дээр хоёр шатны шүүлт хийсэн байна. Үүний үр дүнд олимпын эрхийн оноо олгох болон дэлхийн чансааг тодорхойлох ач холбогдолтой найман төрлийн тэмцээнийг Улаанбаатар хотноо хүлээн авахаар болов.
Энэ онд зохион байгуулах тэмцээнүүдийг сонгохдоо спортын ач холбогдол болон эдийн засгийн үр өгөөжийг гол шалгуур болгосон байна. Сонгогдсон найман тэмцээний дөрөв нь олимпын эрхийн оноо олгох бол бусад нь дэлхийн чансаа болон олон улсын зэрэглэл тогтоох өндөр ач холбогдолтой юм. 2026 онд Улаанбаатар хотын дэвжээнээ болох олон улс, тив, дэлхийн хэмжээний тэмцээнүүдийг тов болон байршлын хамт танилцуулбал:
- Боксын Ази тивийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээн: 2026 оны 03 сарын 28-наас 04 дүгээр сарын 11-нд “Аса арена”-д болно. Өмнө нь 2007, 2012 онд тус тус зохион байгуулагдаж байсан бол энэ удаа эрэгтэй, эмэгтэй төрөл нэгэн зэрэг явагдана.
- Таеквондогийн Ази тивийн АШТ (XXVII): Пүмсэ болон пара спортын төрлүүдийг багтаасан энэхүү тэмцээн анх удаа гурван төрлөөр нэг дор 2026 оны 05 сарын 19-25-нд “М банк арена”-д зохион байгуулагдахаар товлогджээ.
- Шатрын Ази тивийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээн: Оюуны спортын энэхүү томоохон тулаан 2026 оны 05 сарын 28-наас 06 сарын 7-нд “Улаанбаатар зочид буудлын цогцолбор”-т анх удаа явагдана.
- “Улаанбаатар опен” олон улсын чөлөөт бөхийн тэмцээн: Дэлхийн чансааны оноо олгох тус тэмцээн 2026 оны 06 сарын 4-7-нд Буянт-Ухаа спортын ордонд хоёр дахь удаагаа болох юм.
- Сагсан бөмбөгийн 3×3 эмэгтэйчүүдийн Дэлхийн гранпри: Дэлхийн цомын эрх олгох уг цуврал 2026 оны 06 сарын 19-20-нд Сүхбаатарын талбайд үзэгч олныг баясгана.
- Жүдо бөхийн “Улаанбаатар 2026” Их дуулга тэмцээн: Олимпын эрхийн оноо олгох хамгийн нэр хүндтэй тус цуврал 2026 оны 06 сарын 27-29-нд Буянт-Ухаа спортын ордонд үргэлжилнэ.
- Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын АШТ: 2026 оны 08 сарын 5-9-нд Буянт-Ухаа спортын ордонд болох бөгөөд манай улс гурав дахь удаагаа хүлээн авч байна.
- “Counter strike 2” е-спортын олон улсын тэмцээн: 2026 оны 12 дугаар сард анх удаа болох бөгөөд дэлхийн 2 тэрбум үзэгч онлайнаар сонирхох шилдэг 8 багийн тулаан Монголд өрнөнө.

Эдгээр арга хэмжээнүүд нь зөвхөн спортын амжилтаас гадна эдийн засагт бодитой эерэг нөлөө үзүүлэхээр байна. Эдийн засагчдын тооцооллоор тээврийн салбарт 4 тэрбум, зочид буудлын үйлчилгээнд 1,6 тэрбум, худалдааны салбарт 1,1 тэрбум төгрөгийн орлого орох төлөвтэй байгаа юм. Энэ нь манай улсын олон улсын нэр хүндийг өсгөхөөс гадна аялал жуулчлалын салбарыг идэвхжүүлж, дотоодын тамирчид, дасгалжуулагч нарт туршлага хуримтлуулах том боломж олгож байна.
Өнгөрсөн 2025 оны статистик мэдээлэл ч энэхүү өөдрөг төсөөллийг баталж байгаа юм. Тухайн онд улсын төсвөөс 2.8 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлж, 8 тэмцээн зохион байгуулахад 117 орны 2,786 тамирчин, 968 гадаад дэмжигч ирсэн бөгөөд нийтдээ 5.6 тэрбум төгрөгийн орлого эдийн засагт орсон судалгаа гарчээ. Иймд эх орондоо тив, дэлхийн тэмцээнүүдийг хүлээн авах нь гадагшаа урсах зардлыг хэмнэх төдийгүй үйлчилгээний салбарт өндөр ашиг авчрах стратегийн ач холбогдолтой ажил болоод байна.
