Ротавирус нь цочмог гэдэсний халдварт өвчний нэг хэлбэр бөгөөд хүний ротавирусаар үүсгэгддэг. Энэхүү халдвар нь ихэвчлэн хүйтний улиралд буюу 11-р сараас 4-р сарын хооронд дэгдэх хандлагатай байдаг.
Дэлхий даяар 6 сартайгаас 5 хүртэлх насны хүүхдүүдийн дунд тохиолдож буй суулгалт өвчний хамгийн түгээмэл шалтгаан нь ротавирус юм. Ялангуяа нярай болон бага насны хүүхдүүдэд хүнд хэлбэрийн суулгалт үүсгэж, шингэний дутагдалд оруулснаар амь насанд хүрэх аюултайд тооцогддог.
Вирус биед нэвтэрснээс хойш ихэвчлэн 2 хоногийн дараа (заримдаа 5 хоног хүртэл) шинж тэмдэг илэрч эхэлдэг.
Нийтлэг илрэх шинжүүд:
- Халуурах (гэнэт өндөр халуурах)
- Бөөлжих
- Гэдэс өвдөх
- Усан суулгалт (3-аас 8 хоног үргэлжилж болно)
Хүүхдэд илрэх онцлог шинжүүд:
- Хоолны дуршил буурах
- Дотор эвгүйрхэх
- Шингэнээр ойр ойрхон суулгах
- 1-2 хоног үргэлжлэх чичрэх, халуурах шинж тэмдэг
Хамгийн аюултай хүндрэл: Шингэн алдалт (Дегидраци)
Бөөлжих, суулгах явцад бие махбодь амин чухал ус, давс, эрдэс бодисоо алддаг. Хүүхдүүд болон дархлаа султай хүмүүс алдсан шингэнээ нөхөж ууж чадахгүй байх тохиолдол их байдаг.
Анхаар: Шингэн алдалтыг яаралтай эмчлэхгүй бол дотор эрхтнүүдийг гэмтээж, амь насанд аюул учруулдаг.
Ротавирус нь өтгөн-амны замаар буюу халдвартай хүнтэй ойр байх, бохирдсон гар, гадаргуу болон эд зүйлсээр дамжин халдварладаг.
- Тэсвэртэй чанар: Вирус нь эд зүйлс дээр хэдэн долоо хоног, бүр хэдэн сараар ч хадгалагдах чадвартай.
- Халдвар тархах хугацаа: Өвчний шинж тэмдэг арилснаас хойш 10 хоногийн турш өтгөнөөр вирус гадагшилсаар байдаг тул энэ хугацаанд халдвар тараах эрсдэлтэй хэвээр байна.
Хэн илүү өртөмтгий вэ?
- 5 хүртэлх насны хүүхдүүд хамгийн их өртдөг.
- 3 хүртэлх насны хүүхдүүдэд өвчин илүү хүнд хэлбэрээр тусах эрсдэлтэй.
