Монголын эмэгтэй боксчдын тод төлөөлөл, үндэсний шигшээ багийн тамирчин Оюунцэцэгийн Есүгэн мэргэжлийн боксын “The Fight Club-2” эвентэд тулалдахаар албан ёсоор гэрээнд гарын үсэг зурлаа. Тэрбээр энэхүү чансаа тогтоох тэмцээнд 55.3 кг-ын жинд буюу “Super bantamweight” ангилалд ур чадвараа сорих юм. Энэхүү эвент нь дотоодын мэргэжлийн боксчдын чансааг ахиулах чухал ач холбогдолтой бөгөөд Есүгэний оролцоо тэмцээний өрсөлдөөнийг улам сонирхолтой болгох нь дамжиггүй.
О.Есүгэн нь сонирхогчийн болон мэргэжлийн рингэнд өндөр амжилт үзүүлж яваа тамирчин бөгөөд түүний үзүүлэлтүүдээс дурдвал:
- Монгол Улсын таван удаагийн аварга.
- Азийн аварга шалгаруулах тэмцээн болон Азийн наадмын хүрэл медальт.
- “Парис-2024” олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцсон.
- Мэргэжлийн боксын “WBO” холбооны Ази, Номхон далайн аварга.
- Мэргэжлийн рингэнд нийт хоёр тулаан хийж, бүгдэд нь ялалт байгуулаад буй амжилт.
Энэхүү тулаан нь түүний мэргэжлийн замналын дараагийн том алхам болох бөгөөд түүнийг “The Fight Club-2” эвентийн гол тулаануудын нэг байх болно гэж спорт сонирхогчид хүлээж байна. Одоогийн байдлаар тэрбээр бэлтгэл сургуулилтаа эрчимжүүлж, мэргэжлийн рингэн дэх гурав дахь дараалсан ялалтаа авах зорилготой байгаа юм.
