Н.Учрал татварын өөрчлөлтийн талаар мэдээлэв
100 мянган иргэний гарын үсэг цугларсан үл хөдлөх хөрөнгө борлуулсны 2 хувийн татварыг хүчингүй болгосон талаар УИХ-ын гишүүн Н.Учрал мэдээллээ.
Мөн НӨАТ-ын босгыг 50 сая төгрөгөөс 400 сая төгрөг болгон нэмэгдүүлсэн байна. Энэхүү хууль 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр болжээ.
“Татварын дарамтаас чөлөөлөх хууль батлагдлаа”
Н.Учрал энэ талаар өөрийн байр сууриа илэрхийлэхдээ:
“100.000 иргэн гарын үсгээ зурсан үл хөдлөх борлуулсны 2% татвар хүчингүй боллоо. НӨАТ босго 50 биш 400 сая боллоо. Хөдөлмөрлөж, хийж бүтээе гэсэн хүн бүрээ татварын дарамтаас чөлөөлөх хууль батлагдлаа. 2027.01.01-ээс хэрэгжинэ. Дэмжсэн ажлын хэсэг, УИХ-ын гишүүдэд талархаж байна. Чөдөр тушааг чөлөөлөх “Чөлөөлье” санаачилга хэрэгжсээр…” гэжээ.
НӨАТ-ын босго 400 сая төгрөг болно
Шинэ зохицуулалтаар НӨАТ-ын босго 50 сая төгрөг бус 400 сая төгрөг болж нэмэгдэх нь жижиг, дунд бизнес эрхлэгчид болон орлого нь өсөж буй иргэд, аж ахуйн нэгжүүдэд татварын ачааллыг бууруулах зорилготой гэж үзэж байна.
Энэ өөрчлөлт нь хөдөлмөр эрхэлж, бизнесээ өргөжүүлэхийг хүсэж буй иргэдэд илүү таатай нөхцөл бүрдүүлэх ач холбогдолтой гэж тайлбарлаж байна.
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд хэрэгжиж байна
Н.Учралын дурдсанаар, уг өөрчлөлт нь татварын дарамт, хязгаарлалт, бизнес эрхлэхэд үүсдэг саад бэрхшээлийг бууруулах зорилготой “Чөлөөлье” санаачилгын хүрээнд хэрэгжиж буй ажлуудын нэг юм.
100 мянган иргэн гарын үсгээ зурсан асуудал хууль тогтоох түвшинд шийдвэрлэгдэж байгаа нь олон нийтийн оролцоо бодлогын шийдвэрт нөлөөлж болохыг харуулж байна.
