Сүүлийн өдрүүдэд цахим орчинд эрчээ аваад буй “Лайвчин” Д.Мөнх-Эрдэнэ, Улсын аварга О.Хангай болон идэвхтэн Б.Цэцэг нарын бүрдүүлсэн “мөрөөдлийн баг”-ийг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун албан ёсоор урьжээ. Тэрбээр төрийн байгууллагуудын баярыг үнэ төлбөргүй хөтөлнө гэсэн тэдний санаачилгыг дэмжиж, өөрийн аймгийн шинэ жилийн баярт урьсан байна.
Засаг дарга С.Мөнхчулуун урилгадаа дараах нөхцөлүүдийг санал болгосон юм:
- Тээврийн зардал: Улаанбаатараас 270 км зайтай тул машины бензинийг нь дүүргэж өгнө.
- Сургууль, шагнал: Мөнгөн шагнал өгөх боломжгүй ч ирсэн зочин бүрт нэг, нэг хонь өгч, хэд хэдэн литр Дундговийн алдарт айргаар дайлан буцаана гэдгээ амлав.
- Оролцогчид: Хөтлөгч Д.Мөнх-Эрдэнэ, Өвлийн өвгөн О.Хангай, Цасан охин Б.Цэцэг нарыг 12 дугаар сарын 31-ний баярт ирэхийг хүсжээ.
Уг багт УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж нэгдэхээ илэрхийлж, “Би угаасаа үнэгүй дуулдаг, хамтарцгаая” хэмээн сошиал орчинд хариу өгсөн байна.
Энэхүү сонирхолтой үйл явдал нь Д.Мөнх-Эрдэнийн “Төрийн байгууллагын шинэ жилийг үнэгүй хөтөлнө” гэсэн бичвэрээс эхлэлтэй бөгөөд үүнд нь Улсын аварга О.Хангай өвлийн өвгөн болохоо, Б.Цэцэг цасан охин болж рийл (reel) бичлэг хийж өгөхөө амласнаар олон нийтийн дунд “мөрөөдлийн баг” хэмээн нэрлэгдээд байгаа юм.
