Монгол Улсын нэг иргэнд оногдох өр дунджаар 40 сая төгрөгт дөхөж очоод байна. Өөрөөр хэлбэл, улсын нийт гадаад өр 2025 оны гуравдугаар улирлын эцсийн байдлаар 40.4 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 4.7 тэрбум ам.доллароор, өөрөөр хэлбэл 13 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн өнгөрсөн улиралтай харьцуулахад 805.2 сая ам.доллароор, өөрөөр хэлбэл 2.2 хувиар нэмэгдсэн байна.
Ингээд сүүлийн гурван жилийн хугацаанд Монгол Улсын гадаад өр хэрхэн өөрчлөгдсөнийг доорх мэдээллээс харж болно.
Монгол Улсын гадаад өр (сая ам.доллароор)
- 2023 он: 33,237.4
- 2024 он: 35,782.8
- 2025 он: 40,439.3
Нэг хүнд ногдох гадаад өр (төгрөгөөр)
- 2023 он: 32,817,014
- 2024 он: 35,330,219
- 2025 он: 39,927,824
Гадаад өр өсөх болсон шалтгаан
2025 оны гуравдугаар улирлын байдлаар нийт гадаад өр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13 хувиар өсөхөд дараах хүчин зүйлүүд голлон нөлөөлжээ. Үүнд:
- Шууд хөрөнгө оруулалт болон компани хоорондын зээл 1.6 тэрбум ам.доллароор (9.9%) нэмэгдсэн;
- Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагын өр 1.5 тэрбум ам.доллароор (74.8%) өссөн;
- Засгийн газрын гадаад өр 594.9 сая ам.доллароор (7.3%) нэмэгдсэн.
Ийнхүү өссөн дүнг нэгтгэвэл, нийт гадаад өрийн бүтцийг дараах байдлаар харж болно.
Нийт гадаад өрийн бүтэц
Нийт 40.4 тэрбум ам.долларын гадаад өрөөс:
- 18.3 тэрбум ам.доллар (45.3%) нь шууд гадаад хөрөнгө оруулалт болон компани хоорондын зээллэг;
- 8.8 тэрбум ам.доллар (21.7%) нь Засгийн газрын өр;
- 3.5 тэрбум ам.доллар (8.5%) нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагын өр;
- 1.4 тэрбум ам.доллар (3.5%) нь Төв банкны өр;
- 8.5 тэрбум ам.доллар (21.0%) нь бусад салбар, байгууллагуудын өр байна.
Ингэснээр төрийн буюу Засгийн газрын өрийн ачаалал тасралтгүй нэмэгдсээр буйг харж болохоор байна.
Засгийн газрын өр улам өсөв
2025 оны гуравдугаар улирлын эцсийн байдлаар Монгол Улсын Засгийн газрын нийт өр 35.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.8 их наяд төгрөгөөр (15.6%) өсжээ. Мөн өмнөх улирлын дүнгээс 175.3 тэрбум төгрөгөөр (0.5%) нэмэгдсэн байна.
Тодруулбал:
- Засгийн газрын гадаад өр 2025 оны гуравдугаар улирлын эцэст өмнөх оны мөн үеэс 4.1 их наяд төгрөгөөр (13.5%) өссөн;
- Дотоод өр 764.1 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, өмнөх оны түвшнээс 2.2 дахин өссөн байна;
- Харин Засгийн газрын өрийн баталгаа 29.5 тэрбум төгрөгөөр (14.2%) буурсан байна.
Засгийн газрын нийт өрийн бүтэц
Засгийн газрын нийт 35.7 их наяд төгрөгийн өрийг ангилбал:
- 34.2 их наяд төгрөг (95.6%) нь гадаад өр;
- 1.4 их наяд төгрөг (3.9%) нь дотоод өр;
- 178.8 тэрбум төгрөг (0.5%) нь Засгийн газрын өрийн баталгаа юм.
2025 оны гуравдугаар улирлын эцсийн байдлаар Засгийн газрын өрийн үйлчилгээний зардал ч мөн өндөр хэвээр байна. Тухайлбал:
- Өрийн үндсэн төлбөрт 2.8 их наяд төгрөг;
- Хүүгийн төлбөрт 930.8 тэрбум төгрөг зарцуулжээ.
Үндсэн төлбөрийн хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.2 их наяд төгрөгөөр буюу 68.5 хувиар өссөн бол, хүүгийн төлбөр 4.2 тэрбум төгрөгөөр буюу 0.4 хувиар бага болсон нь статистикт бүртгэгджээ.
