Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр (УДБЭТ)-ын хамт олон нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх зорилгоор тусгай хэрэгцээт уран бүтээлч хүүхдүүдийг дэмжих чиглэлд анхаарч, БНСУ-ын “Ж-Арт” хамтлагтай хамтран “Ирээдүй-Бидний оролцоо-тэнгэр-од-салхи” тоглолтыг 2025 оны 9-р сарын 16-ны өдрийн 15:00 цагт театрын тайзнаа зохион байгуулах гэж байна.
“Ж-Арт” хамтлагийн тухай
БНСУ-ын “Ж-Арт” хамтлаг нь хөгжлийн бэрхшээлтэй, тусгай хэрэгцээт иргэдээс бүрдсэн хөгжмийн хамтлаг юм. Энэ хамтлагийн гол зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудлыг нийгэмд таниулах, соёлын хөгжлийг дэмжих замаар тэдний эрх, нэр төрөөр хамгаалах, сурталчлахад хувь нэмэр оруулах явдал юм. Хөгжмийн найруулагч Жан Э-Рёнг маримба хөгжимчин бөгөөд 2018 оны Пёнчан өвлийн олимпийн хаалтын ёслолд Өмнөд Солонгосын төрийн дууллыг анх удаа тоглож байсан алдартай уран бүтээлч юм. Тэрбээр хамтлагийн гишүүдийн хөгжмийн чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн тусгай сургалт, дадлага хичээлийг явуулдаг. “Ж-Арт” хамтлаг мэргэжлийн зохиолчдын бүтээлийг шинэлэг байдлаар таниулахыг зорьж, “Projection mapping” зэрэг олон талт уран бүтээлчдийн хамтран ажиллах төслүүдийг хэрэгжүүлж байна.
Тоглолтын онцлог
“Ж-Арт” хамтлаг олон улсын тавцанд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх, олон талт үйл ажиллагааг сурталчлах зорилго тавин ажилладаг. Энэ тоглолтонд УДБЭТ-ын уран бүтээлчид, Монгол Улсын Филармонийн “Баян Монгол” чуулга, СУИС-ийн багш, оюутнууд оролцож, хамтран тоглохоор болжээ. Тоглолтыг БНСУ-ын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Соёл, урлагийн төв ивээн тэтгэн дэмжиж байна.
Байгууллагуудын дэмжлэг
Энэхүү хамтарсан тоглолтыг Нийслэлийн Боловсролын газар, Засгийн газрын Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Монголын Дауны Холбоо, Дэлхийн миссийн холбоо зэрэг байгууллагууд хамтран дэмжиж байна. Энэ үйл ажиллагаа нь тусгай хэрэгцээт хүүхдүүдийн урлагийн авьяасыг дэлхийн хэмжээнд таниулахад чухал алхам болно.
