Даваа, 6 сар 30, 2025
HomeУлс төрУИХ-ын гишүүд Ерөнхий сайдад П.Наранбаяр сайдыг огцруулах шаардлага хүргүүлэв

УИХ-ын гишүүд Ерөнхий сайдад П.Наранбаяр сайдыг огцруулах шаардлага хүргүүлэв

УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Н.Батсүмбэрэл, Д.Бум-Очир нар өнөөдөр /2025.06.25/ Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулах шаардлага хүргүүлж байгаагаа олон нийтэд мэдээллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар анх томилогдохдоо гурван гол амлалт өгсөн юм. Нэгдүгээрт, авлига, албан тушаал, ашиг сонирхлын зөрчилд холбогдсон сайдыг шууд чөлөөлнө гэдгээ УИХ-ын чуулган дээр илэрхийлсэн. Хоёрдугаарт, зарчимч байхыг амласан бөгөөд гуравдугаарт, үнэнч шударга байхыг илэрхийлсэн. Ийм учраас УИХ-ын 94 хувийн саналаар түүнийг Ерөнхий сайдаар томилсон билээ. Г.Занданшатар Ерөнхий сайдын засгийн газрыг тогтвортой ажиллуулахыг хүсэж буйгаа илэрхийлсэн юм. Тиймээс нэр бүхий УИХ-ын гишүүд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт албан ёсоор Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулах шаардлага хүргүүлж байгааг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ онцоллоо.

Тэрбээр хэлэхдээ:
Нэгдүгээрт, 2024 оны есдүгээр сарын 9-ний өдөр гаргасан тушаалаар сургуулийн менежментийг сайжруулахад зориулж 1.2 тэрбум төгрөг зарцуулахаа зарласан. Тухайн үед УИХ-ын гишүүд үүнд шүүмжлэлтэй хандаж байсан. Гэвч Ерөнхий боловсролын 120 сургуульд тус бүр 10 сая төгрөг олгосон. Дараа нь энэ мөнгийг буцааж нэг ТББ руу шилжүүлсэн бөгөөд 120 сургуулиас мөнгө татсан нь авлигын шинжтэй асуудал юм. Ерөнхий сайд томилогдохдоо авлига, ашиг сонирхлын зөрчилтэй сайд нарыг чөлөөлнө гэж амласан. Иймээс Ерөнхий сайд хэлсэн үгэндээ эзэн болж П.Наранбаяр сайдыг огцруулах шаардлагатай. Хоёрдугаарт, Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой асуудлууд үүссэн.

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл:
Элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулахад алдаанууд гарсан. Зарим шалгалтын мэдээлэл алдагдсан байж болзошгүй асуудал илэрсэн. Төсвийн хөрөнгийг өмнө ажиллаж байсан байгууллагуудын удирдлагуудтай хуйвалдаж, эрх мэдлээ ашигласан байж болзошгүй баримтууд байна. Мөн тодорхой хөрөнгө оруулалтын ажлуудыг буцаахдаа өсгөж, өөрчлөлт оруулах оролдлогууд гарсан. Иймээс Боловсролын сайд П.Наранбаяр хуульд нийцсэн үйл ажиллагаа явуулахгүй байна. Төрийн албаны зөвлөлөөс боловсролын байгууллагыг улс төржүүлж, хууль бус томилгоо хийж байгааг тодорхой баримтаар нотолсон. Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайдад Боловсролын сайдад арга хэмжээ авч, хариуцлага тооцож огцруулах саналыг УИХ-ын нэр бүхий гишүүд гаргаж байна.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
“Манай тойргийн иргэдээс олон мэдээлэл ирсэн. Алтан гахай жилд төрөлт их байсан тул энэ жил 42 мянган хүүхэд Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн байна. Эдгээр хүүхдүүд бол Монгол Улсын ирээдүй, үнэт баялаг. Гэтэл тэдний хувь заяагаар тоглосон асуудал гарсан. Мөн зарим хүүхдийн шалгалтын оноог өөрчилсөн баримтууд бий. Жишээ нь, Дархан-Уул аймгаас ирсэн мэдээллээр шалгалтын системд тааруухан үнэлгээ авсан хүүхдүүдийн оноог 71-ээс 93 болгож өсгөсөн байна. Энэ үйлдэл нь Боловсролын үнэлгээний төвийн даргын болон сайдын өгсөн чиглэлийн дагуу хийгдсэн байж болзошгүй.

Хоёрдугаарт, ийм агуулгыг дур мэдэн өөрчилдөг нь хүүхдүүдийн ирээдүйд сөргөөр нөлөөлж байна. Бэлтгэл хийж, сургуульд тэнцэх гэж буй хүүхдүүдийн боломжийг ингэж хязгаарлаж болохгүй. Монгол Улсын хүний хөгжил, боловсролын асуудлыг ингэж хөндлөнгөөс оролцож тоглох ёсгүй. Иймд энэ асуудалд хариуцлага тооцох улс төрийн шаардлага хүргүүлж байна.”

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд