Их Британийн жүжигчин Том Фелтон Ж.К.Роулингийн “Харри Поттер” цувралын алдарт дүр Драко Малфой-г дахин бүтээхээр болжээ. Тэрээр энэ удаа Бродвейн тайзны “Харри Поттер ба Хараагдсан хүүхэд” жүжигт тоглох бөгөөд энэ талаарх мэдээллийг Variety сэтгүүл нийтэлсэн байна.
“Энэ жүжигт оролцох нь миний хувьд нэгэн том тойргийг хааж байгаа хэрэг. Намар тоглож эхлэх үед би яг Дракогийн насанд хүрсэн байх болно,” хэмээн Фелтоныг Variety иш татжээ. Тэр мөн “Харри Поттерын кинонуудын нэг хэсэг байсан нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа” гэж онцолсон байна.
Жүжгийн нээлт 2025 оны 11-р сарын 11-нд болох бөгөөд тоглолтууд 2026 оны 3-р сарын 22 хүртэл үргэлжлэх юм.
“Харри Поттер ба Хараагдсан хүүхэд” жүжгийг зохиолч Жек Торн, найруулагч Жон Тиффани нар Ж.К.Роулингийн оролцоотойгоор бүтээжээ. Тус бүтээл нь “Харри Поттер ба Үхлийн шүтээн” номын үйл явдлаас 19 жилийн дараа өрнөдөг. Энэ үед Харри Жинни Уизлитай гэр бүл болж, хоёр дахь хүү Альбус Северус Поттер гол дүр нь болж байна. Альбусын хувьд алдарт эцгийнхээ нэрийн хүндийн дор амьдрах нь тийм ч хялбар зүйл биш аж.