АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Си Цзиньпин нар утсаар ярилцаж, өндөр түвшний худалдааны хэлэлцээний шинэ шат эхлүүлэхээр тохиролцсон талаар Financial Times мэдээлжээ. Энэ бол Трампын Цагаан ордон руу дахин эргэн ирснээс хойш хоёр улсын удирдагчдын анхны харилцаа байв.
Трамп ярилцлагын дараа Цагаан ордонд сэтгүүлчдэд хандан “Бид бүх төвөгтэй асуудлуудыг ярилцлаа. Одоо бид Хятадтай маш сайн нөхцөлд байна” гэж мэдэгдсэн. Тэр мөн “Энэ бол маш сайн яриа байсан” хэмээн онцолжээ.
Утсаар ярьсны дараа Трамп өөрийн Truth Social хуудсанд “Ховор металлтай холбоотой асуудалд дахин эргэлзэх зүйл байх ёсгүй” гэж бичсэн. Энэ байр суурь нь Хятадын талаас ховор металлын экспортод тавьсан хязгаарлалтад хариу өгсөн хэрэг байв. Сүүлийн долоо хоногт АНУ, Хятад хоёр Женевийн хэлэлцээрийн хэрэгжилтэд харилцан буруутгаж, нөхцөл байдал дахин хурцаджээ.
Трампын мэдээлснээр, ойрын хугацаанд эхлэх худалдааны хэлэлцээнд АНУ-аас Сангийн сайд Скотт Бессент, Худалдааны сайд Говард Лутник, Худалдааны төлөөлөгч Жемисон Грир нар оролцоно. Мөн Трамп хэлэхдээ Си Цзиньпин түүнийг Хятадад зочлохоор урьсан ба тэр энэ урилгад харилцан хүндлэл үзүүлж хүлээн авсан гэжээ. “Хоёр том улсын төрийн тэргүүнүүдийн хувьд бид уулзалтаа тэсэн ядан хүлээж байна” хэмээн Трамп онцолсон.
Хятадын төрийн мэдээллийн агентлаг Синьхуа-гийн мэдээлснээр, Си Цзиньпин Трамптай ярилцах үеэр “Хятад улс Женевт байгуулсан тохиролцоог чанд мөрдөж байгаа. Хоёр тал хүрсэн тохиролцоондоо үнэнч байх ёстой” гэж хэлжээ. Тэр мөн АНУ-ыг бодитой үнэлэлт өгөх, сөрөг арга хэмжээгээ зогсоохыг уриалсан байна.
Женевийн тохиролцооны хүрээнд талуудын харилцан ногдуулсан 145%-ийн тарифыг бууруулах, Хятадаас АНУ руу ховор металл болон соронзыг дахин нийлүүлэхээр болсон. Гэвч АНУ өнгөрсөн долоо хоногт Хятадыг экспортын лиценз олгоогүй хэмээн буруутгаснаар нөхцөл байдал дахин хүндрэв. Үүний улмаас АНУ-ын зарим үйлдвэрлэл хомсдолд орж, түр зогсох эрсдэлтэй болсон.
Хятад ч мөн адил АНУ-ыг Женевийн тохиролцоог зөрчсөн гэж буруутгасан. Үүнд Huawei компанийн чиптэй холбоотой анхааруулга, хятадын компаниудад зориулсан программ хангамжийн экспортын хориг, хятадын оюутнуудад виз олгохгүй байх шийдвэр зэргийг дурдаж байна.
Харин Трамп Сид хэлэхдээ “АНУ Хятадтай хамтран ажиллахад бэлэн бөгөөд Хятадын оюутнуудыг АНУ-д суралцахыг урьж байна” хэмээн мэдэгдсэн байна.
Өмнө нь АНУ–Хятадын худалдааны зөрчил дэлхийн хөрөнгийн зах зээлд огцом уналт авчирч байсан ч Женевийн хэлэлцээний дараа байдал харьцангуй тогтворжсон. Гэсэн ч шинэ хэлэлцээ амжилттай болох эсэх, эсвэл зөрчил дахин сэргэх үү гэдэгт хөрөнгө оруулагчид анхааралтай хандаж байна.
Трамп өмнө нь “Ситайх хувийн найрсаг харилцаа маань хоёр орны стратегийн зөрчлийг даван туулахад чухал нөлөө үзүүлнэ” гэж олонтоо мэдэгдэж байв. Энэ удаагийн утасны ярианд Украйны дайн, Ираны цөмийн асуудал зэргийг огт хөндөөгүй нь эдийн засгийн сэдвийг геополитикийн маргаанаас тусгаарлах зорилготой болохыг харуулж байна.