Казахстаны Курултай 16 хүртэлх насны хүүхдүүдийг нийгмийн сүлжээнд бүртгүүлэхийг хориглосон хуулийн төслийг боловсруулжээ. Энэ тухай “Nur.kz” агентлаг мэдээллээ. Онлайн платформ болон олон нийтийн мэдээллийн хэрэгслийн асуудлаарх нэмэлт, өөрчлөлтийг Соёл, мэдээллийн сайд Арман Кырыкбаев парламентад танилцуулсан байна.
Түүний хэлснээр, уг баримт бичигт цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарал хандуулжээ.
Өнөөгийн байдлаар хүүхдүүд онлайн платформууд дээрх мэдээлэл, тэр дундаа сөрөг нөлөөтэй контентод бараг хязгааргүй нэвтрэх боломжтой байгаа бөгөөд одоо үйлчилж буй зохицуулалтад ийм платформд бүртгүүлэхэд насны хязгаарлалтыг хангалттай тусгаагүй байгааг Кырыкбаев онцолсон байна.
Тэрбээр: «Үүнтэй холбогдуулан 16 хүртэлх насны хэрэглэгчдийг онлайн платформд бүртгүүлэхийг хориглох санал оруулж байна» хэмээн мэдэгджээ.
Эхний хэлэлцүүлгээр дэмжигдсэн хуулийн төсөлд зааснаар онлайн платформуудын эзэмшигчид болон төлөөлөгчийн газрууд хэрэглэгчдийн насыг баталгаажуулах (верификаци хийх) арга хэмжээ авах үүрэг хүлээх аж. Энэхүү хориг нь хүмүүс хоорондын харилцаа, эцэг эх, багш нартай харилцахад ашигладаг мессенжерүүдэд хамаарахгүй гэж сайд нэмж хэллээ.
