Өдөр тутмын амьдралд шинжлэх ухааны үүднээс хамгийн их бохирдолтой, байнга гар хүрдэг зүйлсийн талаар хэд хэдэн таамаг байж болно. Тухайлбал, нийтийн тээврээр зорчдог хүмүүс метроны бариул эсвэл шатны хашлагыг хамгийн бохир гэж боддог бол зарим нь цахилгаан шатны товчлуур байх хэмээн таамагладаг. Тэгвэл бодит байдал дээр юу хамгийн их нян бактери агуулдаг вэ?
“Popular Science” сэтгүүлийн мэдээлснээр, эрдэмтэд шинжлэх ухааны үүднээс хамгийн бохир зүйл нь огт өөр зүйл болохыг тогтоожээ.
“Gillson Sciences” компанийн лабораторийн удирдагч Кейтлин Манганы хэлснээр, хүмүүсийг гайхшруулж болох ч бидний өдөр тутам хамгийн их харьцдаг хамгийн бохир зүйл бол бидний өөрсдийн гар утас ажээ. Учир нь хүмүүс гар утсаа хаа явсан газраа авч явж, өдөрт хэдэн арван удаа гар хүрдэг атлаа төхөөрөмжөө тэр бүр цэвэрлэж ариутгадаггүй, мөн утсандаа хүрсний дараа гараа угаадаггүй байна.
АНУ-ын Мичиганы их сургуулийн Эрүүл мэндийн бодлого, инновацын хүрээлэнгээс тэмдэглэснээр гар утас нь суултуурын тагнаас даруй 10 дахин илүү бохирдолтой байдаг аж. Түүнчлэн утсанд хүрэх давтамж нь энэ байдлыг улам дордуулдаг бөгөөд судалгаагаар хүн өдөрт дунджаар 47 орчим удаа утсаа шалгадаг болох нь батлагджээ.
Угтаа аливаа гадаргуугийн бохирдол тэдгээрийг хэр тогтмол цэвэрлэж ариутгаж байгаагаас ихээхэн хамаардаг. Жишээлбэл, оффисын барилгын хаалганы бариулд харьцангуй цөөн хүн хүрдэг ч ховор цэвэрлэдэг тул микроб үржих эрсдэл өндөр байдаг. Харин метроны бариулыг өдөр бүр арчиж, ариутгал хийдэг тул өвчин үүсгэгч нян харьцангуй бага агуулагдах магадлалтай аж.
Судлаачдын онцолсноор гар утасны гадаргуу дээр стафилококк, стрептококк зэрэг арьсны нянгаас гадна гэдэсний савханцар, энтерококк зэрэг ялгадасны нян ч илэрдэг байна. Эдгээр нь арьсны халдварт өвчин, хоолойн үрэвсэл, эсвэл дотор муухайрах, бөөлжих, суулгах шинж тэмдэг бүхий ходоод гэдэсний замын хурц халдвар үүсгэх аюултай юм.
Өөрийгөө хамгаалахын тулд эрдэмтэд ариун цэврийн өрөөнд гар утас ашиглахгүй байх, нян хуримтлагдах магадлалтай гадаргуу дээр тавихгүй байх, мөн утсаар ярихдаа уруул, хацартаа хэт нааж шахахгүй байхыг зөвлөж байна.
Түүнчлэн боломжтой бол гар утсыг зориулалтын цаасан алчуур, спирт болон хөвөнтэй савхаар тогтмол арчиж цэвэрлэх нь зүйтэй. Хамгийн гол нь халдвараас сэргийлэх үндсэн дүрэм болох гараа тогтмол бөгөөд сайтар угаах дадлыг мөрдөхийг зөвлөжээ.
