Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороо өнөөдөр /2026.08.17/ хуралдаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Ингэснээр доод цалин 26.3 хувиар өсөж, 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс сард нэг сая төгрөг болохоор байна.
Одоогоор улсын хэмжээнд мөрдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгаа юм. Шинэ шийдвэрээр уг хэмжээ 208 мянган төгрөгөөр нэмэгдэж, нэг цагийн үнэлгээ 5952.3 төгрөг байхаар шинэчлэгдлээ.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоохдоо:
- хүн амын амьжиргааны доод түвшин;
- хөдөлмөрийн бүтээмж, дундаж цалингийн зохистой харьцаа;
- нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээ;
- эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийн түвшин;
- инфляцын үзүүлэлтийг харгалзан үздэг.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Засгийн газар, ажил олгогчид болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллагын тэгш оролцоотойгоор хэлэлцэн тогтоодог. Энэ хүрээнд Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороо нийгэм, эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг авч үзэн шийдвэрээ гаргасан байна.
Ийнхүү 2027 оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ сард нэг сая төгрөгт хүрэхээр болж, бага цалинтай ажиллагчдын орлогын доод баталгаа нэмэгдэх нөхцөл бүрдлээ. Шинэ хэмжээ ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс улсын хэмжээнд мөрдөгдөх юм.
