Ерөнхий боловсролын сургуулиуд энэ хичээлийн жилээс сургалтын үйл ажиллагаанд олон нийтийн сүлжээ ашиглахыг хязгаарлахаар боллоо. Тодруулбал, Facebook болон цахим групп чатаар даалгавар, дүн, үнэлгээ зэрэг сургалтын мэдээлэл солилцохоос татгалзаж, албан ёсны цахим системд шилжихээр байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханы санаачилгаар хэрэгжүүлэх уг зохицуулалтыг есдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөнө. Энэхүү шийдвэр нь сурагчдын аюулгүй байдлыг хамгаалах, үе тэнгийн дээрэлхэлт, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой аж.
Шийдвэрийн хүрээнд анхаарах гол асуудлууд:
- сургалтын мэдээллийг Facebook, групп чатаар дамжуулахыг хязгаарлана;
- сурагчдын дүн, үнэлгээ, хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээнд задруулахгүй байхыг зорьж байна;
- багш, сурагч, эцэг эхийн харилцааг албан ёсны цахим платформоор зохион байгуулна;
- хүүхдийн аюулгүй байдал, мэдээллийн нууцлалыг хамгаалахад чиглэнэ.
Ингэснээр сургуулиуд сургалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл солилцохдоо өөрийн байгууллагын болон суралцахуйн удирдлагын системийг ашиглах юм. Даалгавар өгөх, үнэлгээ мэдээлэх, эцэг эхэд сургалтын явцын талаар хүргэх мэдээллийг илүү хяналттай, аюулгүй цахим орчинд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Олон нийтийн сүлжээ нь мэдээлэл хурдан түгээх давуу талтай ч хүүхдийн хувийн мэдээлэл задрах, зохисгүй харилцаа үүсэх, цахим дээрэлхэлт гарах эрсдэл дагуулдаг. Тиймээс сургалтын үйл ажиллагааг албан ёсны платформд төвлөрүүлэх нь сурагчдын эрх, аюулгүй байдлыг хамгаалах нэг арга хэмжээ гэж үзэж байна.
