Япон Улс болон ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэгт ашиглах тоног төхөөрөмж, шинжилгээний урвалжийг өнөөдөр холбогдох эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өглөө. Энэхүү дэмжлэг нь урьдчилан сэргийлэх боломжтой хавдрыг эрт шатанд нь илрүүлэх, оношилгооны хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Э.Батшугар умайн хүзүүний хорт хавдар нь сэргийлэх, эрт илрүүлэх боломжтой өвчин гэдгийг онцолсон байна. Монгол Улсад 2024 онд 521 эмэгтэй шинээр оношлогдож, 167 эмэгтэй уг өвчний улмаас нас барсан нь эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлтийг эрчимжүүлэх шаардлагатайг харуулж байна.
Хүлээлгэн өгсөн дэмжлэгийн хүрээнд:
- умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн тоног төхөөрөмж;
- шинжилгээний урвалж;
- холбогдох эрүүл мэндийн байгууллагуудын оношилгооны чадавхыг нэмэгдүүлэх боломж бүрдэж байна.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар “Умайн хүзүүний хорт хавдар бол урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх боломжтой өвчин. Монгол Улсад 2024 онд 521 эмэгтэй шинээр оношлогдож, 167 эмэгтэй энэ өвчний улмаас нас барсан байна. Тиймээс бид өвдсөний дараа эмчлэхээс илүүтэй урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх тогтолцоог бэхжүүлэхэд анхаарч байна. Монгол эмэгтэй урьдчилан сэргийлэх боломжтой өвчний улмаас амь насаа алдах ёсгүй. Энэ үйлсэд бодит дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж буй Япон Улс, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн Сан болон нийт түнш байгууллагууддаа талархал илэрхийлье” гэв.
Ийнхүү олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр эрт илрүүлгийн тоног төхөөрөмж, урвалжийг хүлээлгэн өгсөн нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээг бэхжүүлэхэд чухал алхам болж байна. Цаашид эрт илрүүлгийн тогтолцоог илүү хүртээмжтэй болгох нь умайн хүзүүний хорт хавдраас шалтгаалах нас баралтыг бууруулахад ач холбогдолтой юм.
