Мюнхений Дээд мужийн шүүх 2025 оны 2-р сард хотын төвд жагсагчдын цугласан олныг машинаар мөргөж, хоёр хүний аминд хүрч, олон арван хүнийг гэмтээсэн 25 настай Афганистанаас гаралтай эрд бүх насаар нь хорих ял оноожээ. Энэ талаар DPA агентлаг мэдээлсэн байна.
Шүүх мөн ялтанг “өндөр зэргийн гэм буруутай” гэж үзсэн нь 15 жилийн хорих ял эдэлсний дараа хугацаанаас өмнө суллагдах боломжийг нь хүндрүүлэх юм.
Шүүх хэрэг шашны сэдлээр үйлдэгдсэн гэж дүгнэв
Шүүхийн шийдвэрт гэмт хэрэг шашны сэдлээр үйлдэгдсэн бөгөөд халдагч санамсаргүй хүмүүсийг хохирогч болгон сонгосон гэж тайлбарлажээ.
Эрэгтэйг эмэгтэй болон түүний хоёр настай охины аминд хүрсэн, мөн 20 гаруй хүнийг алахыг завдсан хэрэгт буруутайд тооцсон байна.
Өмгөөлөгчид сэтгэцийн эмчилгээ шаардсан
Өмгөөллийн тал түүнд 15 жилийн хорих ял оноож, албадан сэтгэцийн эмчилгээнд хамруулахыг хүссэн байна. Өмгөөлөгчдийн мэдэгдсэнээр, ялтан хүнд хэлбэрийн шизофренийн ил шинж тэмдэгтэй байсан гэжээ.
Афганистанаас гаралтай уг эр 2025 оны 2-р сарын 13-ны өглөө Мюнхений төвд цугласан олныг машинаар мөргөсөн байна. Түүний бай болсон нь Ver.di үйлдвэрчний эвлэлийн жагсаал байжээ.
Осол Мюнхений аюулгүй байдлын бага хурал эхлэхийн өмнөх өдөр, уг арга хэмжээ болох газраас хэдхэн минутын зайд болсон байна.
