АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Америк болон Иран улсууд албан ёсоор хэлэлцээрт хүрсэн талаар мэдэгдлээ. Цагаан ордны тэргүүн энэ тухай өөрийн “Truth Social” цахим сүлжээндээ нийтэлсэн байна.
“Ираны Исламын Бүгд Найрамдах Улстай хийх хэлэлцээр амжилттай байгуулагдлаа. Бүгдэд нь баяр хүргее” хэмээн Трамп бичжээ.
Түүнчлэн Трамп тэнгисийн бүслэлтийг цуцлах тушаал өгсөн бөгөөд Ормузын хоолойгоор хөлөг онгоцууд чөлөөтэй зорчих хөдөлгөөнийг сэргээж байгааг онцолсон байна. Тэрээр: “Миний бие Ормузын хоолойг ямар нэгэн төлбөргүйгээр, чөлөөтэй зорчиход зориулж бүрэн нээхийг зөвшөөрөхийн зэрэгцээ АНУ-ын зүгээс тогтоосон тэнгисийн бүслэлтийг нэн даруй цуцлах тушаалыг үүгээр өгч байна” хэмээн тэмдэглэв.
Дайныг зохицуулахад тусалсанд нь Путин болон Си Жиньпин нарт талархав
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай үүссэн дайны нөхцөл байдлыг зохицуулахад туслалцаа үзүүлсэнд нь зориулж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин-д талархал илэрхийлсэн талаар “New York Times” (NYT) хэвлэл мэдээллээ.
Тус хэвлэлд дурдсанаар, Трамп өөрийн 80 насны ойд зориулсан арга хэмжээний үеэр үг хэлэхдээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон БНХАУ-ын дарга Си Жиньпин нарыг мөргөлдөөнийг намжаахад хувь нэмэр оруулсан, эсвэл наад зах нь хоолойн бүслэлтэд хөндлөнгөөс оролцоогүй хэмээн сайшаасан байна.
Трамп БНХАУ-ын дарга Си Жиньпинийг “жинхэнэ жентльмен” хэмээн нэрлээд, түүнийг бүслэлтийг сэтлэхийн тулд 20 эсминц (цэргийн хөлөг онгоц) бүхий флот илгээж “бүслэлтийг дайрахыг оролдоогүйд” нь талархжээ.
Үүний зэрэгцээ АНУ-ын Ерөнхийлөгч Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяхуг “маш хэцүү хүн” хэмээн тодорхойлсон байна. Тэрээр Нетаньяхуг АНУ-д талархах ёстойг сануулаад, хэрэв Иран улс цөмийн зэвсэгтэй болсон бол “Израиль улс хоёр цаг ч тэсэж үлдэхгүй байсан” гэдгийг онцлон тэмдэглэжээ.
