Нийслэл хотын Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва боловсролын салбарын хөрөнгө оруулалт болон сургуулиудын үдийн хоолны хангамжийн тогтолцоонд томоохон шинэчлэл хийхээ мэдэгдлээ. Хотын даргын зүгээс “Төр хувийн хэвшилтэйгээ өрсөлдөх ёсгүй” гэсэн зарчмыг баримталж байгаа бөгөөд ЕБС-ийн хоол үйлдвэрлэлийн зарим хэсгийг хариуцаж байсан нийслэлийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Ингэснээр хувийн хэвшлийнхэнд энэ чиглэлийн бизнест орон зай, өрсөлдөх боломж олгож байгаа аж.
Ирэх намраас хүнсний худалдан авалтыг хувийн хэвшилд бүрэн шилжүүлнэ
Шинэ шийдвэрийн дагуу сургууль, цэцэрлэгийн хүнсний бэлдэц, нийлүүлэлтийг ирэх намраас эхлэн хувийн аж ахуйн нэгжүүдэд бүрэн шилжүүлэхээр төлөвлөж байна. Хүүхдийн үдийн хоолны хүнсний бэлдэц хийдэг нийслэлийн өмчит дөрвөн компанийн барилга, агуулах барих асуудлыг хотын төсөвт тусгахгүй бөгөөд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан ажлуудыг ч мөн зогсоохоор болжээ.
Үйл явцын хүрээнд дараах зохицуулалтуудыг хийхээр тусгасан байна:
- Өмчийн зохицуулалт: Өмчийн харилцааны газраас дээрх дөрвөн байгууллагыг татан буулгах, тэдгээрийн хөрөнгө, өмчийн асуудлыг хамгийн үр ашигтай, алдагдалгүйгээр зохион байгуулах саналыг боловсруулна.
- Чанарын хяналт: Үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүлснээр төр хяналтын чиг үүрэгтээ шилжих бөгөөд нийслэлийн Боловсролын газар хүнсний нийлүүлэлтийн чанар, стандартад онцгойлон анхаарч, сурагчдын үдийн хоолыг чанартай байлгахад хяналт тавина.
- Түгжрэлийг бууруулах нь: Нийслэлд хүүхдүүдээ сургуульд хүргэж өгөх зорчилт түгжрэлийн нэг шалтгаан болдог тул хүүхэд бүр гэртэйгээ ойр сургуульд суралцах нөхцөлийг бүрдүүлэх “Хотхоны бага сургууль төсөл”-ийг давхар хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
