Монгол Улс 2025 оны эхний гурван сарын байдлаар дэлхийн 128 улстай худалдаа хийж, экспортын хэмжээ 3 тэрбум ам.долларт, импортын хэмжээ 2.5 тэрбум ам.долларт хүрч, нийт 465.1 сая ам.долларын эерэг тэнцэлтэй гарсан талаар Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Нийт худалдааны эргэлт 5.04 тэрбум ам.доллар байсан бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад импортын хэмжээ 133.4 сая ам.доллараар нэмэгджээ. Импортын өсөлтийн шалтгаанууд дараах байдлаар бүртгэгдсэн:
- Суудлын автомашины үнэ – 73.6 сая ам.доллараар нэмэгдсэн
- Дизель түлш – 21.9 сая ам.доллараар
- Автомашины сэлбэг, эд анги – 21.3 сая ам.доллараар
- Ачааны автомашин – 18.3 сая ам.доллараар
- Гар утас – 11.7 сая ам.доллараар тус тус өссөн байна
Импортын бүтцэд эрдэс бүтээгдэхүүн, машин техник, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, боловсруулсан хүнс зэрэг голлож байжээ.
Экспортын гол нэрийн бүтээгдэхүүнүүд ч мөн адил өсөлттэй байна. Тухайлбал:
- Зэсийн хүдэр, баяжмалын экспорт – 291.8 сая ам.доллараар нэмэгдсэн
- Цайрын хүдэр, баяжмал – 39.7 сая ам.доллараар
- Флюоритын хүдэр, баяжмал – 29.3 сая ам.доллараар нэмэгджээ
Мөн энэ хугацаанд алтны үнэ 2024 оны мөн үетэй харьцуулахад унц тутамд 693.9 ам.доллараар өссөн бол зэсийн хүдэр, баяжмалын үнэ нэг тонн тутамд 291.5 ам.доллараар нэмэгджээ.
Монголын нүүрсний экспортын 48.3 хувь, зэсийн хүдэр, баяжмалын 33.5 хувь нь БНХАУ руу хийгдсэн бол, боловсруулаагүй болон хагас боловсруулсан алтны 99.3 хувь нь Швейцарь руу экспортлогдсон байна.