OpenAI компани API хөгжүүлэгчдэд зориулсан шинэ үеийн GPT-4.1 хиймэл оюуны цуврал загваруудаа албан ёсоор танилцууллаа. Энэхүү шинэчлэл нь компанийн хэвлэлийн мэдэгдлээр баталгаажсан бөгөөд одооноос эхлэн GPT-4.1, GPT-4.1 mini, болон GPT-4.1 nano гэсэн гурван хувилбар хөгжүүлэгчдэд нээлттэй болсон байна.
OpenAI мэдэгдэлдээ:
“Эдгээр шинэ загварууд нь GPT-4o болон GPT-4o mini загваруудаас бүх үзүүлэлтээрээ давуу, код бичих болон даалгавар биелүүлэх чадварт нэн чухал дэвшил гарсан” гэжээ.
GPT-4.1 нь том хэмжээтэй файлуудыг найдвартай засварлах чадвараараа онцгой бөгөөд өмнөх загваруудаас хамаагүй тогтвортой ажиллагаатай болсон хэмээн онцолжээ.
Мөн OpenAI компани загваруудын үнэ, хурд, хүртээмжийн хувьд ч ахиц гаргасан:
- GPT-4.1 цувралын загварууд нь GPT-4o-оос 26%-иар хямд
- GPT-4.1 nano нь OpenAI-ийн хамгийн хямд, хамгийн хурдан загвар болсон
Чатбот ChatGPT нь 2022 оны 11-р сард анх нээлтээ хийснээсээ хойш богино хугацаанд буюу долоо хоног хүрэхгүй хугацаанд 1 сая хэрэглэгчтэй болж, дэлхий нийтийг шуугиулсан билээ. OpenAI компанийг 2015 онд үндэслэхэд оролцсон хүмүүсийн нэг нь Америкийн тэрбумтан Илон Маск байсан ч тэрбээр хожим тус байгууллагатай харилцаагаа тасалсан.