Сүүлийн арван жилд ухаалаг гар утасны уламжлалт чихэвчний оролт бараг үгүй болсон бөгөөд энэхүү шилжилтийг эрчимжүүлсэн анхны томоохон брэнд бол iPhone 7-оо танилцуулсан Apple компани байв. Үйлдвэрлэгчид 3.5 мм-ийн оролтыг хасах болсон гол шалтгаан нь гар утсыг илүү нимгэн болгох, дотоод орон зайг чөлөөлөх болон утасгүй аудио технологи руу шилжих явдал байв. Энэ тухай BGR хэвлэл мэдээллээ.
3.5 мм-ийн оролт алга болсон шалтгаан
Шинжээчид чихэвчний оролт үгүй болсон явдлыг хэд хэдэн практик шалтгаантай холбон тайлбарлаж байна. Үүнд ухаалаг гар утсыг илүү нимгэн болгох, дотоод эд ангиуд болох батерей, чанга яригч зэрэгт зориулж зай гаргах, мөн тоос шороо, чийг нэвтэрч болох нүхний тоог цөөлөх зэрэг багтдаг.
3.5 мм-ийн оролт гаднаасаа жижиг харагдавч утасны дотор талд багагүй зай эзэлдэг байна. Стандарт оролтын гүн нь 6-7 мм байдаг бөгөөд орчин үеийн нимгэн загваруудын хувьд энэ нь дизайны томоохон хязгаарлалт болж эхэлжээ.
Apple компани iPhone 7 загвараас эхлэн 3.5 мм-ийн оролтоос татгалзаж, Lightning-ийг цэнэглэх болон аудио дамжуулах үндсэн интерфейс болгосон. 2016 оны мэдээллээр iPhone 7-г Lightning оролттой EarPods чихэвч болон 3.5 мм-ийн адаптертай (шилжүүлэгч) хамт худалдаанд гаргаж байсан юм.
Зах зээлийн өөрчлөлт ба утасгүй технологи
Тухайн үед энэхүү шийдвэр ихээхэн шүүмжлэл дагуулж байсан ч яваандаа бусад үйлдвэрлэгчид ч энэ замыг дагасан. Хэрэглэгчид үүнийг утасгүй чихэвч эсвэл адаптер худалдаж авахад хүчээр шахаж байна гэж үзэж байсан ч зах зээл уламжлалт чихэвчний оролтоос татгалзах чиглэл рүү эргэлт буцалтгүй шилжсэн юм.
Өөр нэг гол шалтгаан нь Bluetooth технологийн өргөн хэрэглээ юм. Үйлдвэрлэгчид оролтыг олноор хасаж эхлэх үед утасгүй чихэвч хэдийн ердийн хэрэглээ болсон байв. Мөн USB-C оролт руу шилжсэнээр зах зээл дижитал аудио руу бүрэн чиглэжээ. Хэрэглэгчид утасгүй загваруудын тав тух, дуу чимээ тусгаарлалт зэрэг давуу талыг үнэлэх болсон ч тогтмол цэнэглэх шаардлагатай байдаг нь гол сул тал хэвээр үлджээ.
Өнөөдөр 3.5 мм-ийн оролттой ухаалаг утас ховор үзэгдэл болсон бөгөөд томоохон брэндүүд аудио хэрэглээгээ Bluetooth эсвэл USB-C рүү бүрэн шилжүүлсэн. Уламжлалт оролт нь одоо зөвхөн зарим төсөвт (бюджет) загваруудад л хадгалагдан үлджээ.
