Венесуэлийн Ерөнхийлөгч асан Николас Мадуро нэгдүгээр сарын 3-нд баривчлагдсанаасаа хойш Брүүклин дэх холбооны урьдчилан хорих төвд (MDC Brooklyn) саатуулагдаж байна. Испанийн “ABC” сонины мэдээлснээр, Мадуро гурван метрийн урттай, хоёр метрийн өргөнтэй жижиг камерт хоригдож байгаа аж. Камерт нь төмөр ор, угаалтуур, бие засах газар болон байгалийн гэрэл бараг тусдаггүй нарийнхан цонх байдаг гэнэ.
Түүний нөхцөл байдлыг мэддэг эх сурвалжуудын хэлснээр, Мадуро орой бүр камераасаа “Би бол Венесуэлийн Ерөнхийлөгч! Намайг энд хулгайлж ирсэн, бидэнтэй маш муухай харьцаж байна гэдгийг эх оронд минь дамжуулж хэлээрэй!” хэмээн чангаар орилдог байна.
Холбооны хорих байгууллагуудад ажиллаж байсан зөвлөх Сэм Мангелын хэлснээр, уг хорих төвийг “дэлхий дээрх там”-тай зүйрлэж болохоор гэнэ. “Тэнд маш хүнд, хараа хяналтгүй, санхүүжилт болон боловсон хүчин дутмаг нөхцөлд байна. Энэ бол хэн ч нэг минут ч байхыг хүсэхгүй газар” гэж тэрээр онцолжээ.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Мадуро “Special Housing Unit” (SHU) буюу тусгай тусгаарлах блокт бараг бүрэн тусгаарлагдсан байдалтай байна. Албан ёсоор бол энэ хэсгийг сахилгын шийтгэл, амиа хорлохоос сэргийлэх эсвэл өндөр эрсдэлтэй хоригдлуудыг хамгаалах зорилгоор ашигладаг бөгөөд хоригдлууд камертаа байнга байх ёстой байдаг.
Түүнчлэн энэ блокийн хоригдлууд долоо хоногт ердөө гурван удаа, тус бүр нэг цагаар камераасаа гарах эрхтэй. Гарахдаа үргэлж гар, хөлдөө гавтай, хоёр харуулын хамгаалалт дор явдаг байна. Энэ хугацаанд тэд шүршүүрт орох, утсаар ярих, хяналт дор имэйл шалгах эсвэл жижиг хашаалсан талбайд салхилах боломжтой ажээ.
“ABC” сонины эх сурвалжууд Мадурог ийнхүү тусгаарлаж байгаа нь аюулгүй байдалтай холбоотой гэж үзэж байна. Учир нь тэрээр тус хорих төвийн түүхэн дэх хамгийн алдартай хоригдол байж магадгүй юм. АНУ-ын Холбооны хорих товчоо түүний хоригдож буй нөхцөлийн талаар тайлбар өгөхөөс татгалзжээ. Төлөөлөгч нь “Аюулгүй байдал болон хувийн нууцыг хамгаалах үүднээс бид манай хяналтад байгаа ямар ч хүний хоригдож буй нөхцөлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй” гэж мэдэгдсэн байна.
Брүүклиний холбооны урьдчилан хорих төвд сэжигтнүүд болон шүүхийн шийдвэрээ хүлээж буй ялтнуудыг хорьдог. Өмнө нь энд реппер Шон “Diddy” Комбс, Гислэйн Максвелл, Хондурасын ерөнхийлөгч асан Хуан Орландо Ернандес, Венесуэлийн тагнуулын дарга асан Уго Карвахаль нараас гадна “Эль Майо” Самбада зэрэг хар тамхины бүлэглэлийн толгойлогчдыг саатуулагдсан байсан юм.
Мадуро шөнө бүр орилдог тухай мэдээллийг зэргэлдээ блокт хоригдож буй нэгэн хүний өмгөөлөгчид сэтгүүлчдэд дамжуулсан гэж “ABC” сонинд тэмдэглэжээ.
